Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг Монгол улс жил бүр 4 дүгээр сарын 28- ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтаж явуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт өнөөдөр боллоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ. Харин Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг нь хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэмээн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд тодорхойлсон байдаг.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй. Энэ үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх аян ийнхүү эхэлж байна.
Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад нь хяналт тавихаас эхлээд хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэхтэй холбоотой 10 гаруй ажлыг аяны хугацаанд зохион байгуулна гэж Дундговь аймгийн ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваа хэллээ.
Т. Отгонтуяа