Дөрвөлжин талст торон бүтэцтэй хоёр хэмжээст материалыг анх удаа гарган авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-31 11:53:37

МОСКВА./TASS/. Олон улсын физикчдийн баг дэлхийд анх удаа хоёр хэмжээст материал буюу талстын квадрат торон бүтэц бүхий нэг атомт үеэс бүтсэн материалыг туршилтаар гарган авчээ. Энэ тухай мягмар гарагт “МИСиС” Үндэсний шинжилгээ судалгааны технологийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

Ийм үр дүнг графен суурьт зэсийн ислийн тусламжтайгаар гарган авсан байна.

“Эрдэмтэд өдийг хүртэлх хугацаанд зөвхөн зургаан өнцөгт торлолтой материалыг тухайлбал, графен эсвэл борын нитритийн янз бүрийн үүсмэлүүдийг нийлэгжүүлж чадаж байсан юм. Металлын хавтгай дөрвөлжин торлол нь тогтворгүй байдаг бол хүчилтөрөгч зэсийн нэгдэл нь түүнийг тогтвортой болгосон” гэж судалгааны удирдагч, “МИСиС”-ийн Органик бус наноматериалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, физик-математикийн ухааны доктор Павел Сорокин ярилаа.

МИСиС, Хэт хатуу болон шинэ нүүрстөрөгчийн материалын технологийн хүрээлэн, ШУА-ийн Н.М.Эмануэлийн нэрэмжит Биохимийн физикийн хүрээлэнгийн орос эрдэмтэд, Японы NIMS хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын эрдэмтдийн багийн судалгааны дүнг эрдэм шинжилгээний “NanoScale” сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтдийн анхны гаргаж авсан хоёр хэмжээст материал нь графен байжээ. Графен нь зургаан өнцөгт үүрээс бүтдэг. Эрдэмтэд графенаар хийсэн ар суурь дээр шинэ бодисын нийлэгжүүлэлтийг хийжээ. NIMS хүрээлэнгийн эрдэмтэд хэсэгчлэн исэлдсэн графен дээр хийн мөчлөг дэх зэсийн атомыг суулгажээ. Дараа нь системийг халааснаар хүчилтөрөгч, зэсийн атомууд нь шинэ бүтцэд шилжин хуваарилагдсан байна.

Одоо эрдэмтэд шинэ материалынхаа онцлогуудыг нарийвчлан судлах хэрэгтэй. Шинэ материал нь Оросын физикч Сорокин, Д.Квашин нарын урьдчилан хэлж байсанчлан антиферроманетизм буюу соронздох чанар багатай гэдэг нь тодорхой болжээ. Ердийн зэсийн исэл ямар ч нөхцөлд ийм чанартай байдаггүй.

Антиферромагнетик материалууд нь бичил электроникт маш их хэрэгтэй юм. Нэг бит мэдээллийг антиферромагнетик дээр бичихийн тулд түүний гадаргуугийн ердөө 12 атом хангалттай хүрэлцдэг бол одоогийн ашиглаж буй технологи нь нэг бит мэдээллийг бичихийн тулд хэдэн зуун мянган атомыг ашигладаг байна. 

О.Барс

 

 

 

相关新闻