Жорж Майклыг Лондонд оршуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн оны 12 дугаар сард 53 насандаа зуурдаар нас барсан Британийн хөгжимчин дуучин Жорж Майклыг Лондонд оршууллаа.
Дуучныг нас барснаас хойш гурван сарын дараа болж буй оршуулгад зөвхөн талийгаачийн ах дүү, хамаатан садан, дотны найзууд нь оролцжээ.
“Дуучин Жорж Майклын оршуулга өнөөдөр болсон гэдгийг бид баталж байна. Хайртай хүү, хайртай ах, дотны анд найзтайгаа салах ёс хийхийн тулд бид оршуулгын энэ хаалттай ёслол дээр цугларлаа” хэмээн дуучны гэр бүлийнхнээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Түүнийг хайрлаж, дэмжиж байсных нь төлөө дуучны шүтэн бишрэгчдэд Жорж Майклын гэр бүлийнхэн талархлаа илэрхийллээ.
Жорж Майкл өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Английн Оксфордшир гүнлэгт байдаг гэртээ 53 насандаа зуурдаар насан өөд болсон юм.
Дуучин нас барсны дараа өдөр нь түүний менежер Майклыг зүрхний өвчнөөр нас барсан гэж мэдэгджээ. Үүний дараахан Британийн цагдаагийн газар мэдэгдэхдээ, дуучны үхлийн шалтгааныг тодорхойлж чадаагүй, гэхдээ гадны нөлөөтэй гэж үзэх ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй гэсэн юм.
3 дугаар сарын эхээр Оксфордшир гүнлэгийн ахлах мөрдөн байцаагч "Жорж Майкл гадны нөлөөгүй шалтгаанаар нас барсан" гэж батлан хэлжээ. Задлан шинжилгээгээр талийгаач зүрхний булчингийн эмгэг /кардиомиопат/ болон элэгний өөхлөлттэй байсныг тогтоожээ.
О.Барс