Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-25 10:50:30

ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 25. /France 2/. Каннын олон улсын 78 дахь удаагийн кино наадмын үндсэн уралдаант хэсгийн шилдэг бүрэн хэмжээний киногоор Ираны найруулагч Жафар Панахигийн "Энэ бол зүгээр л осол байсан" (Yek tasadef sadeh) драм кино шалгарчээ.


Кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-ийг түүнд бямба гарагт буюу өчигдөр болсон хаалтын ёслолын үеэр ёслол төгөлдөр гардуулсан байна.


Энэ бол Ираны найруулагч Каннын кино наадмаас хүртэж буй анхны шагнал биш юм. Тэрбээр 1995 онд "Цагаан бөмбөлөг" (Khers nist 1995) бүтээлээрээ “шилдэг дебют кино” төрөлд “Алтан камер” шагналыг хүртсэн байна.  2018 онд түүний "Гурван царай" (Se rokh, 2018) кино шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн бол 2022 онд "Баавгай байхгүй" (Khers nist, 2022) драм киногоороо шүүгчдийн тусгай шагналаар шагнуулжээ.


Харин Гран-При шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Норвегийн найруулагч Йоаким Триерийн инээдмийн драм жанрын "Сэтгэл хөдлөлийн үнэ цэн" (Affeksjonsverdi) кино хүртжээ. Наадмын гурав дахь дээд шагнал болох шүүгчдийн шагналыг Франц-Испанийн найруулагч Оливер Лашетийн "Сират" (Sirat), Германы найруулагч Маша Шилинскийн "Нарыг ажиглахуй" (In die Sonne schauen)  гэсэн хоёр кинонд олгосон байна.


Жүжигчин Вагнер Мура Бразилын “Нууц агент” (O Agente Secreto) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Харин шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Афсиа Эрзигийн "Бяцхан Дерниер" (La Petite Derni re) кинонд тоглосон Надия Меллити хүртлээ.


Шилдэг найруулагчийн шагналыг бразил найруулагч Клебер Мендонсу Фильо “Нууц агент” киногоороо хүртсэн бол энэ жилийн шилдэг кино зохиолын шагналыг ах дүү Жан-Пьер, Люк Дарденн нарын “Залуу ээжүүд” (Jeunes mères) кинонд олгожээ.  Шилдэг богино хэмжээний кино төрөлд Тауфик Бархомын “Чамайг үхсэнд би баяртай байна” (I’m Glad You’re Dead Now) кино шалгарсан байна.


“Алтан камер” шагналыг Хасан Хади “Ерөнхийлөгчийн бялуу” (The President’s Cake) драм киногоороо хүртлээ. Шүүгчдийн тусгай шагналыг Хятадын найруулагч Би Ганы “Дахин төрсөн нь” (Kuang ye shi dai) кинонд олгожээ.


Каннын кино наадмын хаалтын өдөр Францын зүүн өмнөд хэсэгт цахилгаан эрчим хүч тасарч наадмыг тасалдуулжээ. Бүс нутгийн цахилгаан хангамжийн оператор компани болох RTE-гийн мэдээлснээр, Канн болон хөрш зэргэлдээ хотуудад 160 мянга орчим айл өрх цахилгаангүй болсон байна. Цагдаа, прокурорын байгууллагууд цахилгаан эрчим хүчийг санаатайгаар тасалдуулсан гэж үзэж байгаа ажээ. Хэд хэдэн кино үзвэр тасалдсан ч зохион байгуулагчид удалгүй цахилгаан үүсгүүрийг асааснаар наадмыг үргэлжлүүлсэн байна.

相关新闻