“BLACKPINK” хамтлаг шинэ цомог гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 16:26:50

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 20 /Yonhap/. Өмнөд Солонгосын К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” хамтлаг гурван жилийн дараа гаргах гэж буй анхны шинэ цомгийнхоо бэлтгэл ажлыг эрчимжүүлж, энэ долоо хоногт шинэ клипний зураг авалтаа хийхээр төлөвлөж байна гэж тус хамтлагийн менежментийг хариуцсан агентлаг өнөөдөр мэдэгдлээ. 


Тус хамтлагийн удахгүй цацах шинэ дууны клипний зураг авалт энэ долоо хоногт эхэлнэ. Хамтлагийн гишүүд болон арын албаны ажилтнууд зураг авалтыг сайн үр дүнтэй болгохын тулд чадах бүхнээ хийж байна” гэж YG энтертайнмент мэдээлсэн байна. 


Охидын хамтлагийн энэ оны сүүлчээр гаргахаар ажиллаж буй шинэ цомог нь 2022 онд гаргасан “Born Pink” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгоос хойших анхны томоохон цомог болно. Одоо тус хамтлагийнхан Өмнөд Солонгосын Гоянг хотод эхэлсэн “Deadline” хэмээх нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байгаа юм. Тэд энэ оны наймдугаар сард дэлхийн хамгийн нэр хүндтэй танхимуудын нэг гэгддэг Лондоны Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолтоо хийсэн анхны К-поп охидын хамтлаг болсон билээ.


“BLACKPINK”-ийнхнийг дахин уран бүтээлээ туурвиж эхлэхийг хүлээж байсан шүтэн бишрэгчдэдээ бид чин сэтгэлээсээ талархаж байна. Цомгийн ажил эцсийн шатандаа явж байгаа бөгөөд хөгжмийн чанарт хамгийн ихээр анхаарч байна. Бид удахгүй албан ёсны сурталчилгааны сувгуудаар дамжуулан илүү сайхан мэдээг та бүхэнтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэж YG мэдэгдлээ.



相关新闻