Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр “Хүннү эйр” ХХК шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-30 12:55:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Оюу толгой” компани жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдээ зарлаж  амжилтыг нь  тэмдэглэж “Эрдэнийн говь” ёслол хийдэг.  Энэ удаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо уг арга хэмжээ болов.

Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн оны амжилт бүтээлээр нь дүгнэж аюулгүй ажиллагаа, бизнесийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлага, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан байдал,орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн таван төрөлд шалгаруулсан юм.

Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгчээр "Эс Жи Эм Эс" ХХК, Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр “Өмнөговь интерпрайз” ХХК, Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр “Эрчим электрик” ХХК, Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр “Говь газ” ХХК, Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр “Хүннү эйр” ХХК тус тус шалгарав.

“Оюу толгой” компани 2016 онд улсын хэмжээнд 600 гаруй үндэсний ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан байна. Нийт худалдан авалтын 80 хувь нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд ногдож,  ханган нийлүүлэгчид давхардсан тоогоор 35 мянган ажлын байрыг бий болгожээ. Түүнчлэн 2010 онд “Оюу толгой”-н бүтээн байгуулалт эхлэхэд Өмнөговийн 10 орчим компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан бол 2016 оны эцэст 90 орчим болж өссөн байна.

Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчид 2015 онд “Оюу толгой”-н үйл ажиллагааны худалдан авалтын 11 хувийг бүрдүүлж байсан бол уг үзүүлэлт өнгөрөгч онд 15 хувь болж нэмэгджээ.

Дашрамд дурдахад уул уурхайн салбар Монгол Улсын экспортын 87, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71, ДНБ-ийн 18 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байна.

Б.Заяа

相关新闻