Ш.Батсүх: Төлөөллийн ардчиллаа иргэдийн оролцоотой улам боловсронгуй болгох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭСүүлийн үед зарим судлаачдын зүгээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар шууд ардчиллыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санаачилгыг дэвшүүлэх болсон. Иймд Удирдлагын академийн дэд захирал доктор, профессор Ш.Батсүхээс төлөөллийн болон шууд ардчиллын сул болон давуу тал, олон улс дахь жишээ, манай улсад хэрэгжих боломж бий эсэх талаар ярилцлаа.
-Төлөөллийн ардчилал, шууд ардчиллын ялгаа, сул ба давуу талын талаар та харьцуулж хэлэхгүй юу?
-Манай улс төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай улс гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Төлөөллийн ардчиллын тогтолцоонд ч иргэдийг оролцуулах, тэдний дуу хоолойг сонсох боломжтой. Тэр утгаараа ганцхан манай оронд ч биш дэлхийн олон оронд шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулах, шууд ардчиллын элементүүдийг нэвтрүүлэх оролдлогуудыг хийж байгаа. Энэ нь төлөөллийн ардчилалд зарим талаар гажиг, согог үүсэж бидний итгэж сонгосон төлөөлөгчид, иргэдээс мандат авсан улс төрчид иргэдийн итгэлийг даахгүй байгаатай холбоотой юм. Тиймээс энэ гажгийг засаж төлөөллийн ардчилалд шууд ардчиллын элементүүдийг нэвтрүүлэх, шийдвэр гаргах үйл явцад иргэдийг илүү их оролцуулах оролдлогуудыг хийж байна.
Төлөөллийн болон шууд ардчилал нь нэг талаар улс төрийн тогтолцоо, нөгөө талаар улс төрийн шийдвэр гаргах арга юм. Мэдээж аль алинд нь давуу болон сул тал бий. Төлөөллийн ардчилал нь мэргэшсэн улс төрчид асуудлыг нухацтай судалж, богино хугацаанд аль болох бага зардлаар шийдэх боломжтой сайн тогтолцоо гэж ерөнхийд нь үздэг. Мөн сонгогдсон төлөөлөгч тодорхой асуудлуудад төвлөрч мэргэшиж ажиллах боломжтой гэж судлаачид үздэг. Түүнээс гадна төлөөллийн ардчиллын тогтолцоо нь элдэв янзын сөрөг нөлөөнд автах нь бага байдаг. Харин энэ тогтолцооны сул тал нь улс төрийн эрх мэдэл олигархи бүлэглэлийн гарт төвлөрч лоббинд орж, авлигад өртөх магдлал өндөр байдаг байна. Иргэдээс мандат авсан зарим этгээд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн нөлөөнд автаж сонгуулиар амласан амлалтаа биелүүлэхгүй байх тохиолдол гардаг сул тал энэ тогтолцоонд байж болдог. Мөн зарим төлөөлөгчид (улс төрчид) нам, эвслийн бүлгийн шахалтанд орж бие даасан байдлаа алдах явдал байдаг гэж үздэг. Иргэдээс мандат авч сонгогдсон зарим этгээд сонгосон иргэдээсээ хэт хөндийрөх явдал бас гардаг байна.
Шууд ардчиллыг дэмжигчид иргэд сонгуулийн мөчлөгөд захирагдахгүй асуудал шийдэхэд оролцох боломжтой гэж үздэг. Шууд ардчиллын тогтолцоонд хэн нэгнийг лоббидох, хахуулдах боломж бараг байдаггүй байна. Шууд ардчиллын сул тал нь асуудлыг шийдэхэд маш их цаг хугацаа, зардал ордог гэж үздэг. Мөн хэвлэл мэдээллээр дамжуулж иргэдэд нөлөөлөх боломж их, иргэн хүн хувийн эрх ашгаа л бодохоос олон нийтийн эрх ашгийг бодох нь ховор, популистуудын нөлөөнд автаж туйлширсан шийдвэр гаргах магадлал өндөр, улс төрийн шийдвэрийг иргэд биш мэргэжлийн хүмүүс гаргах хэрэгтэй, томоохон өөрчлөлт шинэчлэл хийхэд саад болдог гэх мэтийн шүүмжлэлүүд шууд ардчиллыг эсэргүүцэгчдийн зүгээс гардаг.
Манай улс Үндсэн хуулиараа баг, хорооны түвшинд шууд ардчилалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Баг, хорооны түвшинд бид асуудлыг Иргэдийн Нийтийн Хурлаар шийддэг.
-Шууд ардчилал гэдгийг иргэдийн оролцоо гэж бид өмнө томьёолж ирсэн гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Төлөөллийн ардчиллын үед ч иргэдийг оролцуулж, тэдний санаа бодлыг сонсож тэдний оролцоотойгоор асуудлыг шийдэж болно.
-Шууд ардчиллын элементүүд бидний амьдралд байхгүй биш байсан байх нь. Одоо идэвхжүүлэх цаг нь ирсэн байх нь ээ?
-Манай улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй, гэхдээ одоог хүртэл хэрэглэгдээгүй байгаа “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль”-аар иргэд шууд хуульд заасан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Зөвлөлдөх санал асуулгын хууль”-аар тодорхой асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэхээр хуульчилсан. Тэгэхээр шууд ардчиллын элементүүдийг хэрэглэх боломж хуулиар бүрэн боломжтой.
Түүхээс үзвэл манай улс 1945 оны 10 дугаар сарын 20-д “Ард нийтийн санал асуулга”-аар тусгаар тогтнолынхоо асуудлыг 98,5 хувиар (487409 сонгуулийн насны иргэн санал өгсөн) шийдэж байсан. Энэ санал асуулгад 1,5 хувиар (7551 иргэн) нь тодорхой биш шалтгаанаар оролцоогүй. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолынхоо эсрэг санал өгсөн хүн байхгүй гэсэн үг юм.
-Сонгуульд гэхэд голдуу ахмадууд л их ач холбогдол өгч оролцсон байдаг. Иргэдийн улс төр дэх идэвх сул байгаад байна уу?
-Бид нэгэнт бий болсон төлөөллийн ардчиллаа боловсоронгуй болгож хөгжүүлэх хэрэгтэй. Түүний дутагдалтай талыг иргэдийн оролцоогоор засах, нөхөх бүрэн боломжтой. Иргэдийн оролцооны өнөөгийн байдлыг судалж үзэхэд үнэхээр ахмадууд ирүү ач холбогдол өгч оролцдог нь харагддаг. Энэ нь олон зүйлээс шалтгаалдаг байх. Магадгүй тэд илүү хариуцлагатай, бас харьцангуй завтай байдаг байх л даа. Бас залуучуудын ажил амьдралтай холбоотой, тэдний сонирхолыг татсан асуудал ч тэр бүр хөндөгдөхгүй байж болох юм. Мөн иргэдийг оролцуулж байгаа арга хэлбэр ч залуучуудын сонирхолыг татахгүй байж болно.
-Улс төр ярихаар монгол хүн бүрийн дотор асуудлаас гарах нэг хувилбар байж л байдаг. Харин яаж нэгдэж тэрхүү саналаа ажил болгох вэ гэдэг дээр тулж ирэхээр ахиж дөхөж өгдөггүй. Ер нь сонгуульд оролцохоос гадна иргэд хэрхэн улс төрийн харилцаанд оролцох боломжууд байдаг вэ?
-Манайд асуудлыг хэлэлцэж, маргаан өрнүүлж ярилцдаг соёл улам л бүдгэрээд байх шиг санагддаг. Хүмүүс асуудлаас их зугтах болжээ. Энэ тийм сайн зүйл биш. Манай улсад ардчиллын амин сүнс болсон олон ургалч үзэл хөгжихгүй байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын үг байгааг бодоход монголчууд асуудлыг шийдэхдээ бүгдээрээ тал бүрээс нь хэлэлцэж байж “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчмаар хуудуугүй шийдвэр гаргаж байсан нь тодорхой. Энэ сайхан уламжлалаа сэргээх хэрэгтэй байна.
-Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хэрхэн хуваарилах тал дээр иргэдийн саналыг авч байгаа. Энэ нь эдийн засаг талаасаа шууд ардчиллын нэг хэсэг байна уу гэж хардаг.
-Энэ бол иргэдийн оролцооны л нэг хэлбэр. Эцсийн шийдвэрийг иргэдийн оролцож өгсөн саналыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргаж байгаа.
Б.Туул