“Севол”-оос олдсон яснууд амьтных болохыг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Гурван жилийн өмнө болсон аймшигт ослын дараа татаж гаргаад байгаа “Севол” хөлөг онгоцны дотроос олдсон ясны үлдэгдэл нь хүнийх бус харин амьтны яс болохыг задлан шинжилгээгээр тогтоосон байна.
2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн бус техникийн үзүүлэлттэй, хэт олон хүн тээвэрлэсэн "Севол" гатлага онгоц чиглэлээ өөрчлөхдөө хэт хурдалсны улмаас хөмөрч живсний улмаас 304 хүн амь үрэгдсэний ихэнх нь аяллаар явж байсан сургуулийн хүүхдүүд байсан юм. 9 хүний цогцос одоог хүртэл олдоогүй байна.
Мягмар гарагийн өглөө эрт Далай тэнгис, загас агнуурын яамны тусгай хүчний тэргүүн офицер Ли Чол Жо мэдэгдэхдээ, нэг хохирогчийнх бололтой зургаан хэсэг үлдэгдэл ясыг олсон гэж байсан юм. Гэвч Үндэсний шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уг яснууд амьтных болохыг тогтоожээ.
4 см-18 см-ийн хэмжээтэй ясны үлдэгдлүүд нь усан онгоцны цонхоор шидэгдсэн бололтой.
Өнгөрсөн долоо хоногт ойролцоох эрэг дээр татаж гаргасан “Севол” хөлөг онгоцны дотроос сураггүй алга болсон есөн хүний цогцсыг олно хэмээн хохирогчдын ар гэрийнхэн болон албаны хүмүүс найдан хүлээсээр байна.
Х.Сарнай