Үндэстэн дамнасан гэмт хэргийн улмаас 1.6-2.2 их наяд долларын хохирол учирч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /VOA/. Үндэстэн дамнасан гэмт хэрэг нь бидний төсөөлснөөс ч илүү хурдтайгаар хүрээгээ тэлж байна. Ийм төрлийн хэрэг газар авах болсон нь нэг талаас олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаатай холбоотой гэж үндэстэн дамнасан хууль бус санхүүгийн урсгалыг судалдаг, Вашингтон хотод төвтэй “Global Financial Integrity” ашгийн бус байгууллага дүгнэжээ.
Үндэстэн дамнасан гэмт хэргийн улмаас дэлхий дахинд жилд 1.6-2.2 их наяд долларын хохирол учирч байна гэж тус байгууллагын гаргасан судалгааны тайланд дурдсан байна.
“Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба хөгжиж буй дэлхий ертөнц” судалгааг удирдсан Ченнинг Мэй хэлэхдээ “үндэстэн дамнасан гэмт хэрэг нь нэгэн төрлийн бизнес болоод байна. Маш ашигтай бизнес болж хувираад байна” гэв. Тэрбээр “энэ төрлийн гэмт хэрэг нь засгийн газрууд болон хөгжиж буй улс орнуудад удаан хугацаанд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “үндэстэн дамнасан гэмт хэргээс олсон орлого нь хүмүүс, байгууллага болон хөгжиж буй улс орнуудад урт хугацаанд ашиг тусаа өгөх нь тун ховор. Харин энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн орон нутаг, улс орны эдийн засгийг сүйтгэж, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлдөг” гэв.
Янз бүрийн төрийн болон төрийн бус байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын статистик эмхэтгэлүүдийг багтаасан судалгааны тайланг “Global Financial Integrity” ашгийн бус байгууллага энэ сарын 29-нд Вашингтон хотноо албан ёсоор танилцуулах ажээ.
Г.Доржханд