Нью-Йоркийн "Эрэлхэг охин"-ыг холдуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК./ВВС/.Уолл-Стритийн алдарт бухны хөшөөний өмнө байрлуулсан бяцхан охины хөшөөг 2018 оны гуравдугаар сар хүртэл тэнд нь байлгана гэдгээ Нью-Йорк хотын дарга мэдэгдлээ.
Ноён Билл де Блазио хэлэхдээ “охины хөшөөг бухны хөшөөний өмнө 2018 оны гуравдугаар сарын 18 хүртэл байлгах саналыг холбогдох байгууллагууд дэмжсэн” гэв.
Хүйсийн тэгш байдал болон цалин хөлсний ялгааг арилгахад олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд “Эрэлхэг охин” гэдэг хүрэл хөшөөг энэ сарын 8-нд бухны хөшөөний өмнө байрлуулсан билээ.
Байрлуулсан даруйд жуулчдын анхаарлыг татах болсон уг хөшөөг энэ долоо хоногийн ням гараг гэхэд тэндээс холдуулах ёстой байсан юм.
Өчигдөр Манхэттэн дүүрэгт 1 метр 21 см өндөр хөшөөний дэргэд Нью-Йорк хотын дарга Билл де Блазио үг хэлэхдээ “энэ хөшөөний ачаар Нью-Йоркт илүү олон хүн ирж байна. Энэ хөшөө нь айдсыг, эрх мэдлийг сөрөн зогсч, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө зоригтой хөдлөх хэрэгтэйг та бидэнд сануулан ойлгуулж байна” гэжээ.
Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес эрхэлдэг “State Street Global Advisors” компанийн захиалгаар уран барималч Кристен Висаль уг хөшөөг урласан байна. Тус компани “энэ охины хөшөө ирээдүйг төлөөлж байна” гээд “АНУ-ын хамгийн том 3000 компанийн дөрөвний нэгийнх нь удирдлагад ганц ч эмэгтэй хүн байхгүй байна” гэв.
Уолл-Стритийн “Charging Bull” хөшөөг Италийн уран бүтээлч Артуро Ди Модика урлажээ.
1987 онд болсон зах зээлийн хямралыг сөрөн зогсч буйг харуулах зорилгоор “Америкийн ард түмний сүр хүчийг” төлөөлүүлэн уг хүрэл хөшөөг 1989 онд суурилуулсан байна.
Г.Доржханд