Д.Трампын хүүхэд насаа өнгөрүүлсэн байшинг 2 сая доллароор заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-28 12:40:57

НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүхэд насаа өнгөрөөсөн Нью-Йоркийн Куинс районд оршдог хоёр давхар байшин 2,14 сая доллароор зарагджээ. Энэ тухай Politico сонинд мэдээлсэн байна.

Нийтдээ 185,8 ам.м талбай бүхий уг байшинг 1940 онд Дональд Трампын эцэг Фред Трамп “Жамайка эстейтс” бичил дүүрэгт барьжээ. Уг байшин таван унтлагын өрөө, дөрвөн ванны өрөөтэй, ханын пийшинтэй, мөн өвлийн цэцэрлэгтэй аж.

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Майкл Дэвис уг байшинг Д.Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө 1,39 сая доллароор худалдаж авсан бол одоо түүнийгээ зарахаар дуудлага худалдаанд тавьжээ. Уг байшингийн анхны үнэ 1,245-1,49 сая доллар байсан бөгөөд худалдан авсан шинэ эзний нэрийг нууцалж байна.

“Энэ байшин бол зүгээр л нэг үл хөдлөх хөрөнгөөс хавьгүй том зүйл бөгөөд онцгой түүхтэй үл хөдлөх хөрөнгийг урлагийн бүтээлтэй адилтган үзэж дуудлага худалдаанд оруулдаг” гэж арилжааг зохион байгуулсан дуудлага худалдааны компанийн төлөөлөгч Миша Хагани ярилаа.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп хүүхэд насаа өнгөрөөсөн байшингаа худалдаж авахыг хүсч байгаагаа хэлж байжээ. “Миний бага нас их сайхан өнгөрсөн, би тэр байшинг худалдаж авахыг хүсч байна” хэмээн Д.Трамп 2016 оны 9 дүгээр сард NBC телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байв. Байшин зарагдсан талаар Цагаан ордноос ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Энэхүү үл хөдлөх хөрөнгө Дональд Трампад эцэг Фред Трампаас өвлөгдөж ирсэн ба эцэг нь Дэлхийн II дайнаас өмнө Нью-Йоркийн Бруклин, Куинс дүүрэгт хямд төсөр орон сууц барьж байжээ.

Харин хүү Трамп бизнесийнхээ чиглэлийг өөрчлөн тансаг оффисын барилга, отель, гольфийн клуб барих болов. Яваандаа ресторан, гутал, хувцас, гоёлын эд зүйлс, тавилга, гэр ахуйн бараа, загвар болон бусад олон төрлийн бизнес эрхлэх болжээ. Тэрбээр “АНУ-ын Гоо бүсгүй”, “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад оролцож байв.

О.Барс 

 

相关新闻