Австрали руу хүчтэй хар салхи дөхөн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-28 11:53:23

КАНБЕРРА. /ВВС/. 250 км/ц-ийн хурдтай хүчтэй хар салхи Австралийн амралт зугаалгын арлуудад ойртон ирж байна.

Дөрөвдүгээр зэргийн хар салхины ангилалд багтах “Дебби” хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хөнөөлт хар салхи тус улсын Уитсанди арлуудыг хэдийн дайран өнгөрсөн бөгөөд орон нутгийн цагаар мягмар гарагийн үдийн 12:00 цаг гэхэд Австралийн эх газарт хүрэх төлөвтэй байна.

“Дебби” хар салхи бол 2011 онд Австралид 3.6 тэрбум долларын хохирол учруулж байсан “Яси” хар салхинаас хойших хамгийн их хор хөнөөл дагуулсан хар салхи болж болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Тус улсын Ерөнхий сайд Малькольм Тернбулл оршин суугчдад хандан “нэн даруй гэрээсээ явах”-ыг уриалаад, “өндөрлөг газарт толгой хоргодох хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Австралийн Цаг уурын газрын мэдэгдсэнээр, “Дебби” хар салхины хүч шөнө саарсан хэдий ч одоо дахин хүчээ авч байна.

Энэ хар салхитай холбоотойгоор австраличууд хоол хүнс болон шатахууны нөөцөө базааж, армийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Г.Доржханд

 

相关新闻