Сэлэнгэ аймгийн сум, тосгод албан ёсны цахим хуудастай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгод өөрийн гэсэн албан ёсны цахим хуудастай боллоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил арга хэмжээний зарим зүйл заалтууд биеллээ олж байна. Тухайлбал орон нутгийнхаа иргэдэд төрийн ажил үйлчилгээг ил тод, нээлттэй шуурхай хүргэх үүднээс аймгийн 2016 оны төсөвт 17 сумыг албан ёсны цахим хуудастай болгохоор тусгасан билээ. Ингэж цахим хуудастай болгосноор сумдын төрийн албаны ажил үйлчилгээ байнгын тасралтгүй байхын зэрэгцээ тэдний үйл ажиллагаа аймгийн иргэдэд ил тод, нээлттэй, шуурхай хүрэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм. Тус ажлын хүрээнд бүх сумдын цахим хуудсыг хийх ажил дуусч, сумд, тосгодын ЗДТГ болон Захирагчийн албаны холбогдох мэргэжилтэн, ажилтнуудад цахим хуудсыг хэрхэн ажиллуулах талаарх сургалтыг аймгийн ЗДТГ-т өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. Мөн энэ ажлын хүрээнд иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахад дөхөм болгож, ухаалаг утасны “Нээлттэй Сэлэнгэ” аппликейшныг хийж ашиглалтад оруулаад байна.
Сэлэнгэ аймгийн сумд тосгодын цахим хуудсанд морилж тэдний талаарх мэдээллийг авч болох аж. Тодруулбал altanbulag.se.gov.mn гэсэн албан ёсны цахим хаягт, мөн altanbulag@selenge.gov.mn гэсэн төрийн байгууллагын цахим хаягуудад нэвтэрч мэдээллээ авч болох юм байна.
Иргэдийн зүгээс хүссэн сумынхаа мэдээллийг авахын тулд дээрхийн адилаар сонирхсон сум, тосгоныхоо нэрийг нь латин үсгээр бичин хандаж, мэдээллээ олж унших бүрэн боломжтой болж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг