Хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах алхам бол хамтарсан үйл ажиллагаа гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 22 хэлтэс, агентлаг, газар байдаг. Эдгээрийн зарим нь хамтарсан үйл ажиллагаа явуулж, ажил үйлчилгээгээ иргэддээ сурталчилах ажлыг түүчээлэн зохион байгуулаад байна.
Тухайлбал өнгөрсөн пүрэв гарагт Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Мэргэжлийн Хяналтын газар хамтран удирдах ажилтны зөвлөлгөөнөө хийсэн нь шинэлэг ажил байлаа. Дээрх хоёр байгууллага зөвлөлгөөнөө “Ажлын уялдаа-Сэтгэл-Сахилга бат” хэмээн нэрлэсэн юм. Үүгээрээ баг хамт олны ажлын уялдаа холбоог сайжруулах, үүрэгт ажилдаа сэтгэлээсээ хандах, төрийн үйлчилгээг хариуцлагатай, ухамсартайгаар хүргэх, хувь хүний ёс суртахуун, сахилга батыг эрхэмлэн ажиллахыг уриалсан агуулгыг нийтэд хүргэснээрээ онцлог хэмээн үзэж байгаа аж. Зөвлөлгөөнд Хүнс, Хөдөө аж ахуйн газрын албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид, 17 сумын Засаг дарга нар, сумдын Хүнс, Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зэрэг нийт 126 төрийн албан хаагчид хамрагджээ. Энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр “Ажлын уялдаа, хариуцлага, сахилга бат”, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах нь” сэдвээр илтгэл тавьсан байна.
Хоёр байгууллагын зөвлөлгөөний үеэр аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр зөвлөлгөөнд оролцогчдод хандаж ажлыг товлосон цагтаа эхэлж, төлөвлөсөн цагтаа дуусгах, ажлын тайлан мэдээг үнэн бодитой тоо мэдээнд үндэслэн гаргаж, хугацаанд нь дээд байгууллагадаа хүргэн ажиллах, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ажиллагсад ажлын уялдаа холбоотой ажиллахыг чухалчлан захисан байна.
Ч.Отгонцэцэг