Японд үргүйдэлтэй эмэгтэй хүүхэд төрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО./ТАСС/. Бусдын үр тогтсон өндгөн эсийг үргүй эмэгтэйд шилжүүлэн суулгаснаар тухайн эмэгтэй жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан байна. Энэ тухай үр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн “OD-NET” ашгийн бус байгууллага мэдээллээ.
Эмэгтэй энэ оны нэгдүгээр сард хүүхдээ төрүүлжээ. Нярай цоо эрүүл төрсөн бөгөөд хэвийн өсөн торниж байна. Японы “OD-NET” байгууллага энэ салбар дахь судалгааг дөрвөн жилийн өмнөөс хийж эхэлсэн боловч уг мэс засалтай холбоотой ёс зүйн асуудлын улмаас ихээхэн хүндрэл учирч байжээ. Бусдын үр тогтсон өндгөн эсийг суулгахыг зөвшөөрч чадах гэр бүлийн хосыг олоход хэцүү байсан тухай тус байгууллагын төлөөлөгч ярьсан байна.
Бусад улс орнуудад үр тогтсон өндгөн эсийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болоод удаж байгаа хэдий ч энэ нь Японы хувьд анхны тохиолдол юм. Ийм төрлийн мэс засал тус улсад хийгдэхгүй байгаа шалтгаан нь хуулийн тодорхой заалтууд байхгүйтай холбоотой ажээ.
Уг мэс ажилбарыг хийхийг хуулиар хориглоогүй боловч шаардлагатай эрх зүйн хэм хэмжээ байхгүй тохиолдолд шинээр төрсөн хүүхдүүдэд ирээдүйд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал тулгарах юм. Иймд Японы эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн зүгээс хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахыг шаардаж байна.
Б.Мишээл