Сүрьеэгийн өвчлөл Улаанбаатар хотыг тойрсон сумдад өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сүрьеэгийн өвчлөл өндөртэй Төв аймгийн Аргалант сумын 316 хүнд үзлэг, шинжилгээ явуулж, хавьталтай 23 үзэж, дөрвөн хүүхдэд сүрьеэ өвчний сорилго тавьсан байна. Шинжилгээгээр хоёр хүн шинээр илэрч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэхээр болжээ.
Төв аймагт сүрьеэгийн өвчлөл өндөртэй эхний найман аймагт багтдаг. Сүрьеэ өвчнөөр шинээр жилд 110-150 хүн өвчилдөг. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нийт өвчлөлийн 10 хувийг эзэлж байна.
Төв аймгийн хэмжээнд 2015 оны байдлаар нийт 133 хүн сүрьеэ өвчнөөр өвчилсөн бол он гарснаас хойш давтан болон шинээр сүрьеэгээр өвчилсөн нийт 108 хүн байгаа аж. Тэдгээрээс хүүхдийн сүрьеэгийн өвчлөлөөр 11 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оноос 12.9 хувиар өссөн гэж Төв аймгийн Сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч, сүрьеэгийн тэргүүлэх зэргийн их эмч О.Оюунтүлхүүр ярьлаа. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасаг батлагдсан 12 ортой ч өнөөдрийн байдлаар 17 хүн хэвтэн эмчлүүлж ачаалалтай ажиллаж байна.
Үүнээс гадна сүрьеэгийн өвчлөл Улаанбаатар хотыг тойрсон сумдад харьцангуй өндөр байгаа ажээ. Сүрьеэгийн тасгийн эмч мэргэжилтнүүд эдгээр сумаар жилд нэгээс хоёр удаа үзлэг хийж явдаг ч сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн хүндрэлээс шалтгаалж хоёр жил завсарласан байгааг тэрээр учирласан юм.
Иргэдийн сүрьеэ өвчний мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас энэ талын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид иргэдэд чиглэсэн сүрьеэ өвчний талаарх сургалт сурталчилгааг нэмэгдүүлнэ гэж албаныхан онцолсон юм.
Мөн Сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Аргалант сумын иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн албан хаагчдыг оролцуулсан нийт 114 хүнд сүрьеэ өвчин болон ХДХВ/ДОХ-аас урьдчилан сэргийлэх сургалт явуулсан гэж Төв аймгийн Сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч, сүрьеэгийн тэргүүлэх эмч О.Оюунтүлхүүр ярилаа.
Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгаас Аргалант сумын удирдлагуудтай уулзаж сүрьеэ өвчний талаар тулгамдаж асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөв. Мөн Зуунмод сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн 112 хүүхдэд сүрьеэ өвчний талаар сургалт болон “Алтан хонх” тэмцээнийг явуулжээ.
Т.Есүхэйтөмөр