Хүнсний нэр томъёог цэгцлэх толь боловсруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хурлаар хүнсний салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтран “Хүнсний нэр томъёоны толь” бүтээснээ өнөөдөр танилцууллаа.
Нэр томъёоны толийг Мах, махан бүтээгдэхүүн, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Үр тариа, гурилан бүтээгдэхүүн, Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, Ус, ундааны үйлдвэрлэл, Лабораторийн тоног төхөөрөмж, Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, Хоол зүй, шим тэжээл, Хүнсний хууль эрх зүй болон хүнсний аюулгүй байдал зэрэг бүлэгт хуваан боловсруулсан байна.
Энэ толь бүтээх Ажлын хэсэгт ШУТИС-ийн хүнсний технологийн эрдэмтэн профессорууд, ХБҮЗ-ийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын төлөөлөл, ҮАБЗ, хүнсний чиглэлээр ажилладаг эрдэмтдийн төлөөлөл хамтран ажиллажээ.
Нийт 25 мянга гаруй үгийн сантай, 4000 гаруй хуудастай Монгол-Англи-Орос, Англи-Монгол-Орос, Орос-Монгол-Англи гэсэн ангилалтай монгол бичигт хөрвүүлсэн хүнсний нэр томъёоны тайлбар толийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр цахим хуудаснаа олон нийт хэрэглэх боломжтойгоор хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү толь хэвлэгдсэнээр хүнсний нэр томъёоны ойлголтыг цэгцлэх, нэгдсэн ойлголтод хүрсэн нэр томъёоллыг түгээн дэлгэрүүлэх, хүнсний салбарын их, дээд сургуулиудын багш, профессорын сурах бичиг, эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилын үг хэллэг, найруулга зүйг жигдлэх үндэс суурийг тавих, хүнсний нэр томъёог мэргэжлийн зүгээс тайлбарлахын зэрэгцээ тэрхүү үг хэллэгийг англи, орос хэлээр хэрхэн оноож хэлэх, хуучин монгол бичгээр яаж бичихийг давхар тайлбарласан нь лавлагаа, танин мэдэхүйн хүрээг өргөтгөсөн онолын болон практик ач холбогдолтой хэмээн үзэж байна.
ХБҮЗ-ийн дэргэдэх Улсын нэр томъёоны комиссоор баталгаажин, ХБҮЗ-ийн хурлын тогтоол гарснаар энэхүү толь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөн нийтийн хүртээл болох аж.
Ж.Болор