Маргааш нэг цагийн турш гэрлээ унтраахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутад бүх нийтээрээ цахилгаан хэрэгслээ унтраахыг “Сэлэнгэ голын сав газрын захиргаа”, “Erdenet youth club”, БОАЖГ, “Зориг сан”-ийн “Байгаль орчны манлайлагч хөтөлбөр”-ийн залуучууд уриаллаа. “Эх дэлхийн цаг” өдөрлөгт төрийн 40, хувийн хэшлийн 30 гаруй байгууллага нэгджээ.
Хүний буруутай үйл ажиллагаанаас болж гэнэтийн гамшиг ослын тоо нэмэгдэж хүрээлэн буй орчин сүйдэж байна. Иймд 2007 оноос “Дэлхийн байгаль хамгаалах сан” 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригийн 20 цаг 30-аас 21 цаг 30 минутад “Эх дэлхийн цаг” буюу цахилгаан эрчим хүчээ унтраахыг уриалдаг билээ. Нэг цагийн турш гэрлээ унтраах нь уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэж, эх дэлхийгээ аврах боломжийг уртасгаж байгаа юм. 2007 онд Австралийн Сидней хотоос гаралтай уг уриалгад Монгол Улс 2010 онд нэгдэж, Улаанбаатар, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өрнөж зөвхөн 2011 онд Монгол Улсын хэмжээнд 151.615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо байдаг ажээ. Энэ нь агаар мандалд дэгдэж байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 км буюу 292 граммаар бууруулсантай тэнцсэн гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ