Сэлэнгийн цаг уурчид улсдаа гурав дахиа аваргалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-ын хамт олон амжилт бүтээл дүүрэн, арвин их шагналын хуртай тэмдэглэлээ.
Учир нь Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олон Шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлын үр дүнгээрээ 2016 оны шилдэг хамт олон болсон байна. Ийнхүү газрын хамт олон 3 дахиа аваргалахаас гадна цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2016 оны ажлаараа сумд дахь цаг уурын станц, өртөөнүүд ч мөн аваргын титэм хүртжээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Цагааннуур өртөө” “Тэргүүний өртөө”-гөөр, Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедицээр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо-2″ экспедиц, “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори” болон “Улсын тэргүүний лаборатори” гэсэн хос шагналын эзнээр тус газрын Байгаль орчны шинжилгээний лаборатори тус тус шалгарч баярын өдрөө угтжээ. Энэхүү шагналыг Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 21-нд зохион байгуулагдсан Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн дээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин гардуулан өгсөн байна. Энэхүү шагналуудыг тус газрын дарга М.Рэгзэдмаа хамт олондоо гардуулан өглөө.
Мөн тус албаныхан энэ өдөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2025 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл, албаны үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох зэрэг олон чухал асуудлыг зөвлөлдлөө.
Ч.Отгонцэцэг