Дундговь аймгийн баруун сумдын нутгаар цасан шуургатай өнжлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-23 21:00:23

Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумын нутгаар цасан шуургатай өнжиж байна. Сайхан- Овоо сумын хувьд хамгийн зузаан цастай  байгааг тодруулж сумын Цаг уурын өртөөтэй холбогдсон юм.

Өчигдөр Сайхан- Овоо сумын нутагт шуурга эхэлсэн бөгөөд өнөөдөр 11 цаг 50 минутын үеэс салхи  зүүн хойноос секундэд 16- 18 метр хүрч, цас орон шуурч, ширүүссэн байна. Цаг уурын өртөөний техникч Ж. Галбадрахын мэдээлснээр, тал газраа цасны зузаан 30 орчим см, хунгар хэсэгтээ 1.2 метр орчим болсон. Алсын харааны тэмдэгт 500 метрээс цааш үзэгдэхгүй байна гэлээ.

Орой 17 цагийн үед цаг агаарын  нөхцөл байдлыг эргэж лавлахад, салхины хүч бага зэрэг суларч, 14- 16 м.с болсон. Шуурга үргэлжилсэн хэвээр, өнөө шөнөдөө өнгөрөхөөр байна  гэдэг мэдээллийг өгсөн юм.

Хүчтэй цасан шуурга эхэлсэнтэй холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах түр штаб байгуулсан байна. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаажээ.

Өчигдөр шуурганд төөрсөн гэх гурван дуудлагыг хүлээн авч, эрэн хайснаар шатахуун дуусч саатсан мотоцикльтой иргэн, мөн цасанд суусан фортер машинтай хүмүүсийг олж, сумын төвд хүргэсэн гэж сумын Засаг дарга Б. Түвшинбаатар хэллээ.

Цасан шуурга өнөө шөнөдөө  Дэлгэрхангай, Сайхан- Овоо, Хулд, Өлзийт сумын нутгаар, маргаашдаа Өндөршил сумаар үргэлжилж өнгөрөх юм байна. Өнөөдрийн хувьд агаарын температур ойрын хугацааныхаас хамгийн хүйтэн нь байсан бол маргаашаас эхлээд агаарын температур аажмаар дулаарч, ирэх даваа гарагаас эхлэн цаг агаар тааламжтай болно гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.

Т. Отгонтуяа    

相关新闻