Наурыз баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.Наурыз баярт зориулсан Монгол Улсын “Улам нэмэх” заан Т.Абдигажын нэрэмжит хүчит 48 бөхийн барилдаан аймгийн спорт цогцолборт 3-р сарын 19,20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Урин дулаан цаг ирж мал төллөж навч ногоо дэлгэрч яргуй цэцэглэсний баяр буюу наурызын баярыг тохиолдуулан жил бүр хүчит бөхийн барилдаан зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд нийт 48 бөх хүчээ үзэн барилдлаа.
Барилдаанд аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, аймгийн начин М.Өзгерис үзүүрлэн, аймгийн начин С.Бат-Үүл шөвгөрлөө. Бөхчүүдийн шагналыг Аймгийн засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ш.Хабыл, Таван Богдын Бүргэдүүд дэвжээний тэргүүн Х.Нурлат, Аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат нар тус тус гардууллаа.
Б.Энх-Уянга