Д.Батлут: Орхон аймгийн хөгжлийн “том зураг” бол Хүний хөгжил
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Хүнээ хөгжүүлэх нь Орхон аймгийн хөгжлийн чиг хандлага юм. Улсын хөгжил хүний хөгжлөөс эхтэйг алхам бүртээ ярьж, хэлж, ойлгуулж, төлөвлөж буй Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай ярилцлаа.
Тэрээр 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, 2013 оноос Орхон аймгийн МАН-ын дарга, 2016 оны долоодугаар сараас Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Цахилгааны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Ажлын гараагаа “Эрдэнэт хивс” ХХК, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагаас эхэлж төр, захиргааны байгууллагад 10 гаруй жил ажилласан түүнтэй орон нутгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, алсын хараа, зорилго, зорилтынх нь талаар ярилцсан юм.
-Зам, орон сууц, ажлын байр, улс төр гэж ярьсаар бид олон жил болжээ. Харин “Хүнээ хөгжүүлцгээе” гэж та сүүлийн үед их ярих боллоо. Орхон аймгийн хөгжлийн гарц “Хүний хөгжил” мөн үү?
-Мөн. Улсын хөгжлийг ярья гэвэл хувь хүний хөгжлийг эхлээд ярь. Нийгмийн үнэт капитал болсон хүн өөрөө “хөгжих” учиртай. Үүний тулд төр оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл хувь хүний тусын тулд төр оршдог. Иймд төрийн бодлого шийдвэр хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, ажлын байраар хангагдахад чиглэгдсэн байх учиртай. Иймд бид ирэх дөрвөн жилийн бодлогоо Орхон аймгийн иргэдийн хөгжлийн төлөө чиглүүлсэн. Жишээ нь Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг дагаж гарсан 18 дэд хөтөлбөр бүгд хүн рүү чиглэсэн. Бүтээн байгуулалт, барилга байгууламжийн хөрөнгө оруулалттай зэрэгцээд хүнийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгийг ч төсөвлөсөн. Тухайлбал, энэ сарын 25-нд Орхон аймгийн төрийн захиргааны 360 гаруй албан хаагчдад “Хүний хөгжил” сэдвээр нэг өдрийн сургалт явуулах гэж байна. Юуны өмнө бид бүгдээрээ хөгжлийн талаар нэг ойлголттой болох хэрэгтэй. Ингэж байж зорилго, зорилт нэгдэж хаа, хаана ажиллахад амар байх болно.
-Ойлголтын зөрүү шийдлийн гол садаа болдог. Тэгэхээр нэг ойлголт, нэг чиглэлтэй боллоо гэж үзье. Үүнийг нэгтгэх хөтөлбөр, бодлого нь юу вэ?
-“Эмч”, “Багш”, “Анхдагч”, “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” гэх 18 дэд хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой төсөв, хөрөнгийг нь ч баталсан. Жишээ нь “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх-нэг ажлын байр” зорилт дэвшүүлж нэг өрхөд ажилгүй байгаа иргэдийн судалгаа гаргаж ажиллаж байна. Манай аймагт 1147 өрхийн 2880 иргэн огт ажилгүй байна. Өөрөөр хэлбэл таван гишүүнтэй өрх айлын нэг нь ч ажил хийдэггүй гэсэн үг. Юуны өмнө тэднийг ажилтай болгохын тулд ажлын байрны судалгаа авч түр болон байнгын ажлаар хангах асуудлыг ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар үерийн суваг, шуудуу цэвэрлэх ажилд дээрх 2880 иргэнээс 80-ыг нь түр ажлын байраар хангалаа. Тэдэнтэй гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулсан. Яг үүн шиг дараагийн ажлууд хийгдэх болно. Мөн “Ахмад эмч” нарын баг бүрдүүлж гэр хорооллын ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй зэрэгцээд залуу эмч нар ахмадуудаасаа суралцах боломж бүрдэнэ. Энэ хөтөлбөр, үйл ажиллагааны талаар бид шат, шатны байгуулагад ярьж мэдээлж байна. Энэ нь биднийг нэг зорилготой болгож үйл ажиллагаа нэг зүйлд чиглэгдэнэ гэсэн үг юм.
-Хүний хөгжлийн гол ухагдахуун болох “Эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого” юу вэ?
-Дээрх хэлсэн “Эмч” дэд хөтөлбөр гэж. Энэ хөтөлбөр удахгүй ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Гэхдээ эрүүл мэндийн чиглэлээр хийж байгаа ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Чимээгүй тахал гэгддэг элэгний вирусын өвчлөл Орхон аймагт өндөр үзүүлэлттэй байдаг. Иймд төрийн болон төрийн бус байгууллага, “Медипас” эмнэлэгтэй хамтран “Элэгний вирусгүй Эрдэнэт” аян өрнүүлж байна. Аяны хүрээнд Орхон аймгийн байгууллага бүрт 7 хоногийн хугацаатай туг аялж ажилчид нь элэгний В, С, Д вирусын шинжилгээ өгч байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлийн мэдээнээс харахад, манай аймгийн 14 мянга 800 орчим иргэн элэгний вирусын шинжилгээнд хамрагдахад 1200 нь В, С вирусын халдвартай байсан.
Эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 8340 иргэн вирустай байх магадлалтай юм. Мөн хүүхдүүд элэгний вирусын халдвар авах эрсдэлтэйг онцолж байна. Иймд энэ оны төсөвт 35 сая төгрөг тусгаж хүүхдүүдийг виурсын эсрэг вакцинд хамруулахад зарцуулахаар болсон.
Мөн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагыг цаг алдалгүй хүргэхэд тоног төхөөрөмж, парк шинэчлэлт чухал. Хотын хэмээнд ирсэн бүх дуудлагыг 20 минутын хугацаанд хүлээн авч үйлчлэхийн тулд “Түргэн тусламжийн төв” байгуулахаар бэлдэж байна.
-Иргэд ажилтай, орлоготой, аюулгүй орчинд, эрүүл саруул амьдрахыг л хүсдэг. Үүний тулд төр ажиллах ёстой. Тэгэхээр Орхон аймгийн 100 мянган иргэний аюулгүй орчинд амьдрах нөхцөл хэр байна гэж та дүгнэж байна вэ?
-Бидний одоо хийх гэж зорьж буй ажлыг та асуучихлаа. Солонгосын туршлагаас харахад нэг иргэн өдөрт 3 удаа камерт өртдөг гэж байсан. Гэтэл манай улсад нэг иргэн өдөрт 3 битгий хэл нэг удаа ч хотын камертаа өртөхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, манай хотын аюулгүй ажиллагаа доголдолтой байгаагийн илрэл юм. Иймд бид гадны хөрөнгө оруулалтаар “Аюулгүй ажиллагааны төв” байгуулна. Үүнд цагдаа, онцгой байдлын газар, түргэн тусламж, хууль, хяналтын байгууллагын нэгдсэн сүлжээ бий болж ёстой хотын хаагуур ч явсан тухайн иргэн камерт өртөж гэмт халдлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг юм. Мөн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн хүрээнд орон сууцны дээвэр засварыг цогцоор нь шийднэ. Энэ мэт хийх гэж байгаа хийж байгаа ажлаа дурдвал олон.
- “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” байгууллаа гэж саяхан мэдээлж байсан. Энэ парк Орхон аймгийн эдийн засаг, хөгжилд ямар үр дүн авчрах бол?
-Бид өнгөрсөн наймдугаар сард “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан. Манай аймагт 50 гаруй доктор байдаг. Тэдний санал, санаачилга, судалгааг орон нутгийн хөгжилд тусгана. Мөн саяхан “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан. Энэ бол манай аймгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага. Бид оюуны бүтээгдэхүүн, оюуны үйлчилгээ, экспортын бүтээгдэхүүн гаргах ёстой. Ингэж байж эдийн засагт эерэг үр дүн гарна. Дэвшилтэт технологи, шилдэг санаа, инновацийг хөгжлийн суурь болгох нь бидний дараагийн зорилт юм. Үүнийг дагаж ажлын байр нэмэгдэнэ, үйлдвэржилтийн бодлого тодорхой болно.
-Гадны хөрөнгө оруулалтыг татах, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлэх вэ?
-Жишээ нь өрхийн бичил бизнес эрхлэгчдэд зориулсан “Итгэлийн зээл” хэрэгжүүлнэ. Энэ сангийн 1.4 тэрбум төгрөгийн 500 гаруй сая төгрөгийг банкны шалгуур хангаж чадахгүй байгаа иргэд хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр зээлнэ.
Мөн ХБНГУ-тай хамтарч “Хог боловсруулах үйлдвэр”, “Хангалын голд цэвэрлэх байгууламж барих”, БНХАУ-тай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээр, уулзалтаа хийж байна. Түүнчлэн БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хямд өртөгтэй орон сууцны хороолол барина. Энэ хавар барилгын ажил эхэлнэ. Эдгээр хөрөнгө оруулалтыг дагаж ажлын байр нэмэгдэж эдийн засагт үр ашигтай Орхон аймагт өгөөжтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бий болно.
-Аймгийнхаа хөгжлийг том зургаар харвал?
-Бүсчилсэн хөгжил гэж бид олон жил ярилаа. Гэтэл хүнээ хөгжүүлэхээ “мартаж”. Тиймээс хүнийг хөгжлийн ямар түвшинд аваачна улсын хөгжил харагдана.
Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот бол хөгжлийн алтан гурвалжин. Монгол Улсын хүн амын 60-70 хувь нь энэ гурван хотод байна. Тэгэхээр хүний хөгжлийг эндээс эхлэх хэрэгтэй гэж боддог.
Ийм учраас л Орхон аймгийн хөгжлийн “том зураг” бол Хүний хөгжил. Эрдэнэтийн иргэний хөгжил. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ямар ч төлөвлөлт Хүний хөгжилд чиглэгдэх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Оюун-Эрдэнэ