Сэлэнгийн охин дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрх авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕББД 2-р сургуулийн 2в ангийн сурагч Ж.Сувд Гүрж Улсын Батуми хотноо зохион байгуулагдах бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгарчээ.
Олон Улсын Хүүхдийн Форумаас /International Children"s Forum Of Charity/ зохион байгуулж буй энэхүү Олон Улсын хүүхдийн
“Вest Princess of the World-2017” бяцхан миссийн тэмцээний 8 насны ангилалд оролцохоор шалгарсан авьяаслаг охин Ж.Сувд сургуулийнхаа нийгмийн ажилтан багш Д.Мягмарын хамтаар бэлтгэлээ тун сайн базааж байгаа аж. Тэрээр өмнө нь Орхон аймагт болсон "Бяцхан мисс" тэмцээн мөн Олон Улсын хүүхдийн байгууллагаас зохион явуулсан тэмцээнүүдэд амжилттай оролцож "Авьяаслаг мисс"-ээр шалгарч байжээ. Ж.Сувд дуулахын зэрэгцээ бүжиглэдэг бөгөөд энэтхэг бүжгийн төрлөөр аймагтаа тэргүүн байр эзэлж байсан аж. Түүнчлэн сэтгэх чадварын аймгийн олимпиадын мөнгөн медальт, 2в ангийн урлагийн аварга сурагч гээд дөнгөж 2-р ангийн сурагч мөртлөө дуудуулах гуншин ихтэй юм. Бяцхан авьяаслаг охин маань энэхүү амжилтаараа бусдаасаа тодорч ийнхүү Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тавцанд хөл тавихаар шаргуу хөдөлмөрлөж байна.
Энэхүү Олон Улсын хүүхдийн “Вest Princess of the World-2017” бяцхан миссийн тэмцээн ирэх 4-р сард болох юм байна.
Ч.Отгонцэцэг