Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 16:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо нар өглөө 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ.

Сансарын тунель орчимд Ч-41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг өнөө өглөө гарсан. Уг автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байсныг тэд тодотгов.

Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ярихдаа, "Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан бөгөөд гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй. Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механик ажилладаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломжгүй. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг 14 хоногийн дараа тогтооно” гэв.

Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдыг бүрэн буулгасан байсан бөгөөд 20 минутын дотор галыг бүрэн унтраажээ. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан байсан хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо ярилаа.

Б.Заяа

相关新闻