Гурвансайхан сумынхан энэ онд барих орон сууцныхаа шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-21 09:09:49

Дундговь/МОНЦАМЭ/ Гурвансайхан сумынхан өнөөдөр томоохон бүтээн байгуулалтынхаа шавийг тавилаа. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэлийн парк, 24 айлын орон сууцыг энэ онд барих юм байна.

Тус сумынхан “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж, сумын төвийн дэд бүтэцийг бүтээн байгуулсан. Үүнийгээ түшиглэн гурван жил гаруйн өмнө 12 айлын гурван давхар орон сууц бариулж ашиглалтад хүлээн авч байсан нь аймагтаа төвлөрсөн дулаан, ус хангамж бүхий орон сууцтай хөдөөгийн анхны сум болсон юм. Орон сууцны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж 150 айлын орон сууц барихаар төлөвлөсний эхний 24 айлынхыг “Гэрэгэ” ХХК- тай хамтран энэ онд барихаар ийнхүү шав тавьжээ.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг сумандаа тогтвортой хөгжүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрийн парк барина. Үүнд 15 үйлдвэрлэл  нэг дор төвлөрөн ажиллах боломж бүрдэх юм байна.

Энэ онд хийх эдгээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг төсвөөс харалгүй гаднын төсөл хөтөлбөр, иргэд аж ахуйн нэгж, уугуул иргэдийнхээ оролцоотойгоор шийдэх ажээ . Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн парк барихад  80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнийг сумын “Мянгатын сан”- гаасаа зарцуулна. Энэ нь сумын мянгат малчдын үүсгэн байгуулсан бүтээн байгуулалтын сан юм.

Т. Отгонтуяа    

相关新闻