Дархан аварга Баянмөнхийн нэрэмжит барилдаанд 81 бөх зодоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-20 22:42:17
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Манжийн хааны Төр гэрэлт онуудын үед Халхийн долоон хошуу даншиг наадамд долоон удаа үзүүрлэж, есөн удаа шөвгөрсөн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат домогт бөх Даншигийн Дархан аварга Баянмөнхийн нэрэмжит хүчит бөхийн барилдаан энэ сарын 17 нд амжилттай болж өндөрлөлөө.

Төв аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг энэ удаагийн барилдаанд аймгийн хурц арслан тав, нийт 12 аймгийн чансаа өндөр 81 бөх зодоглосон байна. Их шөвөгт Төв аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Галсан-Очирын Ганжад, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Бат-Өлзийн Бат-Эрдэнийг давж уран сайхан барилдсаар түрүү бөхөөр шалгарлаа.

Төрсөн нутгийнхаа домогт бөх, их аваргынхаа алдрыг хүндэтгэж Өндөрширээт сумын ИТХ-ын дарга Б.Оролзод, Засаг дарга бөгөөд Даншигийн Дархан аварга Баянмөнх сангийн тэргүүн Ц.Болдбаатар, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Батбаяр, Уулын хааны хүчтэн бөхийн дэвжээний тэргүүн С.Наранбадрах нар хүрэлцэн ирж оролцлоо.  

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Дархан аварга Баянмөнхийн дүрс баримал бүхий дурсгалын цом, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэсэн бол сумын бөхийн дэвжээний тэргүүн С.Наранбадрах нь шилдэг барилдааны тусгай шагналыг Булган аймгийн хутаг өндөр сумын харъяат аймгийн начин Х.Цогтгэрэлд олгосон байна. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻