Өсвөрийн шатарчид шилдгүүд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 18-нд амжилттай болж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд дөрвөн насны ангиллаар ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй тамирчин өрсөлдлөө.
Найм хүртэлх насны эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Б.Отгобат, дэд байрыг Э.Энхдөл эзэлсэн бол гутгаар байрыг Э.Баярсайхан хүртсэн юм. Эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Б.Энхсувд, дэд байрыг М.Энхжин гутгаар байрыг Б.Бөртэ нар тус тус эзэлж шилдгээр шалгарчээ.
Мөн 9-11 насны төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг тамирчин Ш.Билгүүн, эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Н.Номин, 12-14 хүртэлх насны ангилалд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Э.Жаргалсайхан, эмэгтэйчүүдээс Э.Цагаандарь нар тус тус эзэлж оюуны спортоор манлайлсан юм. Харин 15-18 хүртэлх насны эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Б.Мөнгөнтулга, эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Т.Алтантогос нар тус тус эзэлж оюун ухаан авхаалж самбаагаараа тэргүүлсэн байна.
Өсвөр үеийн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн, тэдний оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй, шатрын спортын хөгжилд дэмжлэг үзүүлэн, шатрын спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэх, өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, арга туршлагаа солилцоход уг тэмцээний зорилго оршиж байгаа гэж Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Гурванбаатар хэллээ.
Т.Есүхэйтөмөр