Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 8700 гаруй өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-20 13:10:55

Дундговь/МОНЦАМЭ/ Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа энэ сарын 27- ны өдөр эхэлнэ. Дундговь аймгийн хувьд 8728 өрх энэ судалгаанд хамрагдана.

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг орлогыг орлуулан тооцох аргаар  2013 онд явуулсан. Энэ судалгааг гурван жил тутамд явуулах бөгөөд ээлжит  судалгаа ийнхүү эхлэх гэж байна.

2013 онд Дундговь аймгийн 10 мянга 483 өрх амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж байсан. Энэ удаад нийт өрхийн 40 гаруй хувь, 18 нас хүрээгүй хүүхэдтэй өрхүүдийг ийнхүү хамруулах юм байна.

Судалгааны бэлтгэл ажлын талаар аймгийн ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваагаас тодруулахад, дээрхи тооны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход нийт 49 тоологч, судалгааг цахимд бичиж оруулах 7 хүн тус тус ажиллана. Тэдэнд зориулсан сургалтыг 21- 22- ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг хэллээ.

Энэ удаагийн судалгаа 63 асуулгатай. Хүүхдийн мөнгө авдаг эсэх, орон сууцны тоо, дээд боловсрол эзэмшсэн бол хувийн хэвшлийн болон улсын сургууль төгссөн эсэх зэргээр хэд хэдэн нэмэлт тайлбарыг авах ажээ.

2013 онд явуулсан судалгаагаар Дундговь аймагт хамгийн бага хэрэглээтэй  буюу амьжиргааны түвшний 1- 4 дүгээр бүлэгт 1461, эрсдэлд өртөх ойр буюу 5- 6 дугаар бүлэгт 902, дундаж болон түүнээс дээш хэрэглээтэй хүн ам буюу 7- 9 дүгээр бүлэгт 1647 өрх хамрагдаж, 6473 өрх боломжийн болон өндөр хэрэглээтэй буюу 10- 20 дугаар бүлэгт ангилагдаж байжээ.

Т. Отгонтуяа    

相关新闻