Цэргийн штабын дарга Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар цэргийн хүрээний офицер, ахлагч, гэрээт цэрэг болон хугацаат албаны түрүүч, байлдагч, бэлтгэл чөлөөнд байгаа ахмад дайчид болон Сэлэнгэ аймгийн нийт иргэддээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр:-“Та бүхэндээ 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтын орчимд байгуулсан Монгол Ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр буюу орчин үеийн Зэвсэгт хүчнийг үүсгэн хөгжүүлсний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярыг тохиолдуулан аймгийн Цэргийн штабын хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол орны хөгжил, цэцэглэлт, ардчилсан нийгмийн байгуулалт нь ямагт улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд амин холбоотой байсан, одоо ч байгаа бөгөөд энэ үйл хэрэгт Зэвсэгт хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн гавъяатай юм. Эх нутаг, газар шороо, элгэн саднаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалан төр түмний итгэл, найдварыг хүлээж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.
Ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноор Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ үеийн эхлэлийг тавьж морьт цэргээс морьт механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болгон өргөтгөн шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1990 оны заагаас мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин болох төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь өнөө үеийн бахархал мөн билээ. Энэ хөгжил дэвшил нь “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, манай цэргийн багууд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, эх орны бүтээн байгуулалтын болон бусад шинэлэг бөгөөд олон талт үүрэг зорилтууд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаагаар илэрхийлэгдэх болно.
Ийнхүү монгол цэрэг, Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин алдрын түүхийг улам батжуулан хөгжүүлэх, Зэвсэгт хүчний өмнө тавигдаж буй төрийн бодлого, зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх нь Та бидний эрхэм үүрэг болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагын хамт олонд, Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг билэгдэн ерөөе. Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадартугай” хэмээжээ.
Ч.Отгонцэцэг