Хамгийн олон малтай Эрдэнэдалайн малчид 197 мянган эх малаас төл бойжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-18 14:42:28

Дундговь/МОНЦАМЭ/ Мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлж, улсын хэмжээнд гуравдугаарт жагсдаг Эрдэнэдалай суманд мал төллөлт 5 орчим хувьтай байгааг сумын Засаг дарга Мөнхбаатар хэллээ.

Өвлийг өнтэй давж хавартай золгосон тус сумынхны хувьд энэ хавар 197 мянга 400 гаруй эх малаас төл хүлээн авна. Өнөөдрийн байдлаар 9800 гаруй төл хүлээн авсан. Төлийн хорогдолгүй. Мал жилбэтэй төллөж байгааг дуулгасан юм.

Эрдэнэдалай сум оторчид олонтой өвөлжсөн сумын нэг. Отроор орж ирсэн бод малын хөлөөс бог малынхаа бэлчээрийг чөлөөлөх арга хэмжээг цаг тухайд авсан, дээр нь бичин жилийн өвөл хүндхэн болох байх гэсэн болгоомжлол малчдын дунд байснаас өвс тэжээл ахиухан нөөцөлсөн нь одоо хаваржилтад сайнаар нөлөөлж байгаа гэлээ.

Т. Отгонтуяа

相关新闻