Орхон аймаг 2020 онд орон сууцны 19 хороололтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон “Эрдэнэт хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.
Энэхүү төлөвлөгөөнд Орхон аймгийг 2020 онд 131 мянга 500 оршин суугчтай, орон сууц, спорт соёлын 22 нэгжид хамаарах барилгажсан 19 хороололтой байхаар тусчээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 6 хороолол иж бүрэн барилгажсан бол дахин 6 хорооллын барилгын ажил эхлээд байна.
Өнгөрсөн оны байдлаар Орхон аймгийн нийт өрхийн 43 хувь нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон нийтийн болон амины орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иймд хотын ерөнхий төлөвлөгөөг дахин төлөвлөж үүнд хөрөнгө оруулагчид нээлттэй оролцох боломжтойг онцоллоо. Түүнчлэн “Эрдэнэт хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ий хэрэгжилтийг оновчтой болгох зорилгоор Дэнж, 1А, 2А, 7, 7А, 8, 10, 11-р хороолол болон Үйлдвэрлэл технологийн парк, Жаргалант сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж баталжээ
Ингэснээр хот байгуулалт улам тодорхой болсон гэж ГХБХБГ-ын дарга Д.Цолмон хэллээ. Мөн шинээр барих хэд хэдэн хорооллын инженерийн шугам сүлжээний зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон нь барилга угсралтын ажил хэвийн өрнөх нөхцөл бүрдэж газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.
Б.Оюун-Эрдэнэ