21:100 хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Онон “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих талаар Төрөөс баримталж буй бодлого шийдвэр, цаашдын зорилт”-ыг Орхон аймгийн бизнес эрхлэгчдэд танилцууллаа.
Тус яамнаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн шинэчлэлийг 2017-2019 оны хооронд шат дараатай хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд Үйлдвэржилт 21:100 тэргүүтэй үндэсний хэмжээний хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр нь 21 аймагт үйлдвэрлэлийг хөгжүүлж импортыг орлох бүтээгдэхүүн бий зорилготой аж. Мөн эрх зүйн орчин, хүний нөөц, түүхий эд, дэвшилтэт, техник технологи, борлуулалт, маркетинг гэсэн чиглэлүүдэд тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнүүд бий болно гэж үзэж байгаа гэнэ.
Одоогоор хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй санал асуулга орон даяар явагдаж байна. Тиймээс Орхон аймаг ямар төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тус яаманд хүргүүлэх хэрэгтэйг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Онон хэллээ. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоол гарч, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс орон даяар зохион байгуулж байна.
Уг аян нь үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээг жилд 60 мянган тонн, сүүний хэмжээг 250 сая литрт хүргэхээр төлөвлөжээ. Аянд Орхон аймгийн малчид, фермерүүд хамрагдах бүрэн боломжтой юм.
Б.Оюун-Эрдэнэ