Н.Номтойбаяр Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-16 18:29:41

Булган /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Булган аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга З.Батзоригтой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээ байгууллаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бодлого, үйл ажиллагааг зарчмын хувьд өөрчилж байна. Аймаг, дүүргийн удирдлагууд эдийн засгийн хөгжлийн онцлогоо харгалзан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн шийдвэрээр сангаа өөрсдөө зарцуулна. Булган аймгийн хувьд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замаа тодорхойлсон байгаа. Энэ арга замыг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ жилээс эхэлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлд нь шилжүүлж байгаа. Булган аймагт эхний ээлжинд 845,6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэхээр гэрээ байгуулж байна.

Үүний дараа Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор хүнс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж тодорхой аймгуудад 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байгаа гэж УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гэрээ байгуулах үеэр мэдэгдлээ.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Төмөрхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон аймгийн удирдлагууд оролцлоо.

М.Батжаргал

相关新闻