Малын хорогдол 2400 гаруйгаар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ хавар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 17 сумын 55 багт амьдарч буй 9512 малчин, мал бүхий өрхөд 1.6 сая мал хаваржиж байна.
2017 оны хаврын мал төллөлтөөр Сэлэнгэ аймагт нийт 733341 толгой эх мал төллөхөөс энэ сарын 13-ны байдлаар 44137 толгой эх мал төллөөд байна. Эдгээрээс ингэ дөрөв, гүү 68, үхэр 2614, эм хонь 25487, эм ямаа 15964 төллөжээ. Энэ нь нийт төллөх малын 6 хувь бөгөөд төл бойжилт 98.3 хувьтай байгаа аж. Энэхүү мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33863 толгой малаар бага төллөсөн үзүүлэлттэй байгаа гэнэ.
Энэ хаврын тухайд төлийн хорогдол 842, том малын зүй бус хорогдол 11612 толгой байгаа аж. Энэ нь урьд оны мөн үеэс 2409 толгой малаар өссөн үзүүлэлттэй юм байна. Эл хорогдлын шалтгаан нь зарим сумдад өвөлжилт хүндэрч, цас их орсоноос үүдэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд мал төллөлт хэвийн явагдаж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Ч.Отгонцэцэг