Баянцагаан сум энэ хавар 180 мянган хурга, ишиг хүлээж авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Энэ жил Баянцагаан сум 100 мянган хурга, 80 мянган ишиг хүлээн авч бойжуулна. Мал төллөлт гуравдугаар сарын 20-ны үед эхэлнэ гэж Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ж.Ганбат хэллээ.
Өнгөрсөн зун Баянцагаан сумын хэмжээнд бэлчээрийн гарч тааруу, өвөл зудархуу байснаас нийт малчин өрхүүдийн 50 хувь нь Дундговь аймгийн сумд руу отроор өвөлжсөн байна. Одоо отор нүүдлээр явсан малчид нутаг орондоо бүрэн ирж хаваржаандаа бууцгаажээ. “Хавар цас нэмж орж, цасан шуургатай байвал мал төллөлтийн байдал хүндэрнэ” гэв.
Баянцагаан сум нь нийт 440 малчин өрхтэй, 260 мянган малтай бөгөөд үүнээс 130 мянган хонь юм. Гуравдугаар сарын эхээр малчдад аймгийн фондоос 20 тонн буюу 1000 боодол өвс тараажээ. Мөн 10 тонн хивэг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 5200 төгрөгийн үнэтэйгээр борлуулж байгаа ч одоогоор малчид худалдаж авах боломжгүйгээс борлогдоогүй байна. Иймд малчдад 10 тонн хивгийг малчдад тусламжаар үнэгүй олгох хэрэгтэй байна гэж Баянцагаан сумын Засаг дарга Ж.Ганбат ярилаа.
Мөн гурав, дөрөвдүгээр багийн нутагт малын гоц халдварт хонины цэцэг өвчний хоёр голомт байна. Одоогийн байдлаар сум орон нутгаас дээрх багуудад хорио цээрийн арга хэмжээ авсан бөгөөд 200 гаруй малыг устгалд оруулж, бусад малыг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулан ажиллаж байна.
Т.Есүхэйтөмөр