“Булган жимс жимсгэнэ” хөтөлбөртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймаг 2020 он гэхэд 2000 га талбайд жимс жимсгэнэ тариалдаг, ажлын байр 5000-гаар өсч, өрхийн орлогыг 1,5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байх үр дүнг төлөвлөж “Булган жимс, жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод, иргэд жимс, жимсгэний аж ахуй эрхлэх замаар ажлын байр бий болгож, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, улмаар цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилготой хөтөлбөрийг сум бүрт 100-гаас доошгүй талбайд жимс жимсгэнэ тариалах, жимс цэцэрлэгийн төгөлийг усалгааны эх үүсвэрээр бүрэн хангах, хүн амын хэрэгцээт жимсийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах замаар хэрэгжүүлэх юм.
Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар 473 га талбайд жимс, жимсгэний тариалалт хийснээс 387 га талбайд чацаргана тариалдаг байна. Өнгөрсөн намар 63 тонн жимс хураан авсан нь хүн амын жимсний хэрэгцээний дөнгөж 1,2 хувийг хангасан гэсэн судалгаа байна.
Тиймээс жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдэд ажлын байр, орлоготой болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлогыг гаргажээ.
М.Батжаргал