С.Тулга: 560 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 1600-гаад хүүхэд сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Төрж өссөн сум орон нутагтаа хувь нэмрээ оруулж, өөрийн удирдаж буй сургуулиа хүүхэд бүрийн хүсэж ирдэг “Улсын тэргүүний сургууль”, хүн болгоны зорьж ирдэг “хүслийн сургууль” болгохын төлөө сэтгэл оюунаа зориулан яваа нэгэн эрхэмтэй ярилцлаа.
Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн “Эко” 3-р сургуулийн захирал С.Тулга. Тэрээр зарчимч, хүн хүнээрээ байхыг эрхэмлэдэг заншилтай. Саяхан Хангай дээд сургууль, Мандал сумын 3-р сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингээд түүний яриаг хүргэе.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
-Энэ хичээлийн жилд “Эко” сургууль дээрээ хийгдэж байгаа шинэлэг ажил, арга хэмжээнийхээ талаар сонирхуулаач?
-Энэ хичээлийн жилд төрөөс боловсролын талаар явуулж байгаа бодлого, чиглэл үйл ажиллагааг манай сургуулийн 89 багш, ажилтан, 1600-гаад суралцагчид маань хамтдаа амжилттайгаар хэрэгжүүлж байна. Ер нь монголын өнцөг булан бүрт байгаа ямар ч ерөнхий боловсролын сургууль хүүхэд бүрийг хөгжүүлэх, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр болон түүнийг дагалдах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Харин тухайн нутаг орон болон тухайн сургуулийн онцлогоос хамаараад өөр өөрсдийнхөө зорилго зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
- Тухайлбал. Танай сургуулийн хувьд ямар онцлог байна?
-Манай сургууль аймагтаа хамгийн их ачаалалтай ажилладагаараа хамгийн онцлогтой сургууль болоод байна. 560 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 1600-гаад хүүхэд сурч, гурван ээлжээр хичээллэх түвшинд хүрээд байна. Энэ байдал маань улсын хэмжээнд анхаарал татсан явдал болж байгаа. Сургуулийн барилга 1974 онд баригдсан, 43 жил болж байна. Харин энэ хичээлийн жилд сургуулийн байрны өргөтгөлийн барилгын асуудал шийдэгдлээ. Мандал нутгаас төрөн гарсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад сургуулийнхаа барилгын нөхцөл байдлыг танилцуулснаар биднийг бодлогоор дэмжсэн. Үүний үр дүнд БСШУ-ны сайд манай сургууль дээр ирж, газар дээр нь үзсэнээр сургуулийн өргөтгөлийн барилгыг эхлүүлж, улмаар энэ оны есдүгээр сарын нэгэн гэхэд дуусгахаар шийдвэрлээд байна. Энэ асуудал зөвхөн манай сургуулийн хамт олон, хүүхэд гэхээс илүү энэ нутаг орны ард, иргэдийн маань хүсэн хүлээж байсан зүйлийн нэг.
Сургуулийнхаа номын сан, багш хөгжлийн төв гээд цаашлаад боломжтой “нүх, сүв” бүрийг анги болгон ашиглаж байсан бид сургуулийн өргөтгөлийн байртай болох гэж байгаа даа баяртай байна. Цайны газар нь ч зориулалтын бус. Гэхдээ ийм хүнд нөхцөл байдалд багш, ажилтнууд маань ажиллаж, хүүхдүүд суралцаж байгаа хэдий ч урлаг, спорт, сурлагаараа аймгийн хэмжээнд байнга тэргүүн эгнээнд явж байгаа. Тухайлбал, Мөнхбаяр багштай волейболын баг тамирчид улсын аваргаар олон удаа тодорсон. Миний хувьд хамт олноороо бахархдаг нэг зүйл бол улсын аваргад сум сумдаас шигшигдсэн хүүхдүүдийг нэг баг болгон оруулдаг бол манай сургуулийн хамт олон дангаараа аймгаа төлөөлж нэг баг болон ордог. Бидний онцлог бол сум дотроо нэг сургууль, сургууль дотроо нэг ангийн хүүхдүүд улсын аварга, бас хүүхдийн их наадмын аварга болж байсан. Ийм тохиолдол өөр газар байхгүй. Энэ амжилтаараа бид бахархдаг юм.
-Сургуулийнхаа эрхэм зорилгыг хэрхэн тодорхойлов?
-Манай сургуульд хүүхэд бүр сурах гэж ирдэг, эцэг, эх бүр хүүхдээ манай сургуульд өгөх гэж ирдэг, багш нар болгон манай сургуульд ажиллах гэж ирдэг байх нь хамгийн чухал. Энэ утгаар хүн бүрийн хүсэж, зорьж ирдэг “хүслийн сургууль” болох гэсэн алсын харааг бид уриагаа болгон ажиллаж байгаа.
Энэ алсын хараа бүхий зорилтынхоо үр дүнд гадаад харилцааг амжилттай хэрэгжүүлж, анхны үр дүнгээ үзэж байгаа аймгийн хэмжээний анхны сургууль болсон. Тухайлбал, Солонгос улсдаа хамгийн их нэр хүндтэй Шинань гэдэг их сургуультай манай сургууль 2 дахь жилдээ шефийн харилцаатай ажиллаж байна.
-Хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрч байна вэ?
-Үр дүн гарч байнаа. Өнгөрсөн жил 8 багш Солонгос явсан. Энэ онд 15 хүний бүрэлдэхүүнтэй багш нараа авч явна. Ирэх жилийн хавар хүүхдүүдээ авч явна. Одоо 11 дүгээр ангийн хүүхдүүд маань дараа жил 12-р ангиа төгсөж, хаврын шалгалтаа өгөөд Солонгосын Шинаний их сургуульд орох боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн сум, орон нутгаас гадаадын их дээд сургуульд шууд суралцах боломж манай сургуулиар эхэлж байна гэсэн үг. Энэ бол нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон.
Мөн гадаадын солилцоо гэхээсээ илүү дотоодын нэр хүндтэй сургуулиудтай багшийн болон сурагчийн солилцоог амжилттай хэрэгжүүлж үр дүнгээ үзэж явж байна. Жишээ нь: Улаанбаатарын Сант, Эрдмийн өргөө, Шинэ эрин зэрэг лаборатори сургуулиудтай байнгын харилцаатай ажиллаж, жил бүр багш сурагчдаа явуулдаг. Цаашид ч дотоод, гадаад харилцаагаа улам өргөжүүлнэ.
-Танай сургуулийн хувьд “эко” гэсэн тодотголоороо бусдаас ялгарах онцлогтой сургууль гэдгийг ойлголоо. Эко сургуулийн батламж өөрчлөгдөж, “мөнгө”, “хүрэл” гэрэгэ олгодог болсон гэж та хэлсэн. Энэ талаараа ...?
-Олон улсын эко зэрэглэлийн сургууль бол олон улсад гаргасан шалгуур үзүүлэлтээр дүгнэгддэг. Манай улсын хувьд 4 үе шаттай байж байгаад хамгийн сүүлд “Ногоон туг” гэдэг зүйлийг авч байж эко сургууль болдог. Нэг дэх үе нь бүртгүүлэх үе шат. Бид хамгийн анх бүртгэлийн гэрчилгээгээ авснаараа Сэлэнгэ аймгийн анхны эко сургууль болж, “Сэлэнгэ аймгийн анхны эко сургууль” гэдгээр Монголын үндэсний лавлах төв 1950-д бүртгэлтэй байдаг. Мөн манай сумын нэгдүгээр сургууль бас эко сургууль юм. Харин саяхан эко сургуулийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөөд хүрэл, мөнгөн гэрэгэ тэгээд "Ногоон туг"-аа авдаг үе шаттай болсон. Энэ шалгуур үзүүлэлтийн “Хүрэл гэрэгэ”-гийн болзлыг бид хангачихсан. Одоо “Мөнгөн гэрэгэ”-гийн тавигдах шаардлагын дагуу ажлаа хийчихсэн тул материалаа хүргүүлсэн байгаа. Тун удахгүй “Мөнгөн гэрэгэ”-гээ хүлээж авна гэдэгтээ итгэлтэй байна.
-Бид өнөөдөр цахим мэдээллийн эрин үед амьдарч байна. Танай сургуулийн хувьд орчин үеийн мэдээллийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна уу?
-Бид хэдийгээр анги танхим хүрэлцээ муу ч өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан мэдээлэл зүйн кабинетаа ашиглаж, сургуулийн echo school mandal гээд фейсбүүк групп байгаа. Энэ групп маань маш олон хэрэглэгчидтэй. Хүмүүс хаана ч явж байсан манай сургуулийн мэдээллийг энэ группээс авчихдаг.
Нөгөө талаас бол цахим сургууль болох ажлыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Миний ширээн дээр байгаа энэ технологиудыг саяхан БСШУ-ны яамнаас авчираад байна. Найман сая төгрөгийн үнэ бүхий эдгээр тоног төхөөрөмжүүд янз бүрийн техникийг бүтээнэ. Гар утас ч бүтээх боломжтой дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд юм. Энэчлэн манайх цахим сургууль болохын тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд зүйлүүдийг авч бэлтгээд байна.
Ч.Отгонцэцэг