Мандал сумын Нэгдсэн эмнэлэг “Монгол Улсын жишиг эмнэлэг” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-13 14:34:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг “Монгол Улсын жишиг эмнэлэг” болоход Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль тусална.

Энэ сарын 10-ны өдөр Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг дарга Н.Лхагвадорж, ИТХ-ын тэргүүлэгч Ч.Машбат, Л.Лхагва, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бие төлөөлөгч Э.Баярхүү, УБТЗ-ын Ачааны вагон засварын депогийн дарга н.Азжаргал, “Азийн нахиа” эмийн сангийн эрхлэгч х.Уранбилэг, Ё.Буяндэлгэр даргатай Мандал сумын Нэгдсэн Эмнэлэгийн 23 эмч нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо АШУҮИС-д зочилсон байна. Зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаараа санал солилцжээ.

Энэхүү уулзалтын хүрээнд ирэх сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар өөрийн биеэр Мандал суманд хүрэлцэн очиж, албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар болсон байна.

Хоёр талын хамтын ажиллагааны уулзалт маш өргөн агуулгатай болж, энэ үеэр зайн оношлогооны сургалтын төвийн тоног төхөөрөмжийг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй сууриулахаар болсон байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах, эмч нар ажлын байран дээрээ сурч хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх нөхцөл бүрэн бүрдэж байгаа аж.

Мөн АШУҮИС-ийн зүгээс Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт дурангийн аппарат бэлэглэжээ. Энэ нь Мандалын иргэд Улаанбаатар хот явахгүйгээр орон нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн тус сургуулийн зүгээс Мандал сумын нэгдсэн эмнэлэгт “Цаасгүй, шинэ технологийг” нэвтрүүлэх анхдагч эмнэлэг болгох үүднээс эмчлүүлэгчийн мэдээллийг цахимжуулах цоо шинэ “Монгол программ”-ыг үнэ төлбөргүй суурилуулж өгөхөө амалжээ. Уулзалтын хүрээнд энэ мэт маш олон ажлууд хийгдэхээр тохиролцсон байна. Тухайлбал АШУҮИС-д нарийн мэргэжлээр сурах эмч нарын сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх, англи хэлтэй эмч нарыг Япон улсад суралцуулах, тус эмнэлэгийн Сэргээн засах төвийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллах зэрэг олон асуудлуудыг хөндөж ярилцсан байна. Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн номын санд эрүүл мэндийн салбарт шинээр гарсан бүтээлүүдийг тус сургуулийн захиргаанаас бэлэглэхийн зэрэгцээ, АШУҮИС-ийн төгсөгчид болон суралцагсадын багш шавийн уулзалтыг зохион байгуулахаар болжээ.  

Энэхүү хамтын ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр нар санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻