Цагдаагийн алба хаагчдад үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд гэмт хэрэг болон захиргааны зөрчилд өртөж хохирсон, гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч нар болон тэдний гэр бүлийн гишүүдэд хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга С.Алтайтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хууль сахиулах, иргэдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа тус газар нь офицер 70, ахлагч 73, энгийн 4, нийт 147 орон тоотой бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс ийнхүү албан хаагчдын эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авчээ.
Энэ сарын 6-ны өдөр байгуулсан дээрх гэрээ нь 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Ө.Нурболат