Малчдад зээлээр өвс олгохоор болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн хэд хоногт цас орж зарим суманд хаваржилт тавгүй болж байна. Өнөөдрийн байдлаар Бугат, Хангал, Орхон, Булган суманд 21-29 см цастай, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй болж байгаа аж. Хүйтний эрч хариагүй шөнөдөө Тэшиг, Бугат, Булган, Орхон, Хишиг-Өндөр сумын нутгаар 21-28 градус хүйтэн хоножээ.
Хаваржилтын байдлаас шалтгаалан суманд аймгийн нөөцийн газраас өвсийг зээлээр олгохоор шийдвэрлээд байна.
-Сумдад ажлын хэсэг ажиллаж хаваржилтын байдалтай танилцлаа. Зарим суманд хаваржилт хахир хатуу болж байгаа учраас малчдад өвсийг сумын удирдлагатай гэрээ байгуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэж байна. Аймгийн нөөцийн газар нийтдээ 300 тонн өвс бэлтгэсэн юм. Түүнээс 100 тонныг бэлэн мөнгөөр борлуулсан байгаа. Үлдэгдэл 200 тонн өвсийг шаардлагатай сумдад хуваарилан олгоно гэж аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулга ярьлаа.
Тэрээр ажлын хэсэг ахлан Бугат, Сэлэнгэ, Хангал суманд ажиллаад иржээ. Сэлэнгэ сумын Атар баг, Хялганат тосгоны ойролцоо цас ихтэй хаваржилт нэлээд бэрхшээлтэй байгаа аж.
М.Батжаргал