Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхийг зөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-12 22:42:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төрийн захиргааны байгууллагад удирдах алба хашиж явсан үе үеийн хүмүүсийг хүлээн авч туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан байна.

Арга хэмжээний үеэр уригдсан зочид ИТХ, ЗДТГазрын албан хаагчдад удирдах ажил гүйцэтгэж байсан үеийн түүх, туршлагаасаа харамгүй хуваалцаж зөвлөгөө өгчээ.

Сумын төрийн байгууллагад 40 жил ажилласан Дугаржавын Тоймаа:

-Төрийн албанд зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Төрийн алба, ард иргэдээ хүндэтгэн ажилдаа эзэн болж явах хэрэгтэй. Сумын Тамгын газар гэдэг нэгэн айлын гал голомт. Энэ гал голомтыг хэрхэн авч явахаас сумын ажил шалтгаална. Нутгийн хөгжлийн чиг хандлага, олон түмний санаа бодлыг зангидаж, удирдаж явах хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой. Төрийн алба хашна гэдэг цалингийн зээлээ дарах гэсэн ажил биш гэж зөвлөсөн байна.

Д.Тоймаа 1971 онд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажилд орсноос хойш тасралтгүй төрийн албанд зүтгэж сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм.

М.Батжаргал

相关新闻