“Жансая” өрхийн эмнэлэг машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн удирдлагууд Өлгий сумын “Жансая” өрхийн эрүүл мэндийн төвд HYUNDAI TUCSON маркийн суудлын авто машины түлхүүрийг гардуулж өглөө.
Аймгийн төв нь 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд “Жансая” өрхийн эрүүл мэндийн төв 4 эмч, 4 сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4, 5, 11 дүгээр багийн 9500 гаруй иргэнд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг юм.
Ажлын үзүүлэлтээрээ сүүлийн 4 жил дараалан 1 дүгээр байранд шалгарсан тус хамт олон 2014 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр стандартын шаардлага хангасан шинэ байртай болсон билээ. Ийнхүү унаатай болсноор эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд улам ойртуулж, хүртээмжийг нь сайжруулах боломжтой боллоо.
Ө.Нурболат