Оюутнууд эмэгтэй ажилчдаа нэг өдөр амраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Баяр ёслолыг баглаа цэцэг, амтат бялуугаар тэмдэглэх арга хэлбэрийг арай өөр өнцгөөс харж тэмдэглэдэг жишиг Ховд их сургуулийн Төрийн захиргаа менежмент-IV ангийнхан санаачлан дөрөв дэх жилдээ өрнүүлж байна.
Тус сургуулийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн Ц.Бямбачулуун багштай Төрийн захиргаа менежментийн 4-р ангийн оюутнуудын санаачилгаар 2013 оноос эхлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март-8”-ыг тохиолдуулан хичээлийн 1,2-р байр, оюутны 1,2-р байруудын гадна, дотно цэвэрлэгээг хийдэг уламжлал тогтсон билээ. Оюутнууд дээрх цэвэрлэгээг хийдэг ээжүүд, эгч нар эмэгтэй ажилчдыг хүндэтгэж нэг өдөр тэднийг ажлаас нь түр чөлөөлж өөрсдөө цэвэрлэгээ хийдэг юм.
Энэ уламжлалын дагуу дөрөв дэх жилдээ Төрийн захиргаа менежментийн 1,2,3,4-р курсын нийт 60 оюутан өглөөний 07 цагаас оройн 17 цагийн хооронд сургуулийнхаа үйлчилгээний албаны 17 эмэгтэй ажилчныг амрааж, тэдний орлон ажиллажээ.
Оюутнууд санаачлагаараа үйлчилгээний эмэгтэй ажилчдын нэг өдрийн ажлыг хийж, тэдний хөдөлмөрийг хүндэтгэн сургуулийн орчиндоо цэвэрхэн байхад бусад оюутан залуустаа үлгэр дууриал болон ажиллаж, баяр ёслол амьдралын зуршил болсон хэв маягийг өөрсдийн биеэр үлгэрлэн ойлгуулж байгаад тус сургуулийн багш нар, үйлчилгээний ажилчид, нийт оюутнууд нь талархаж буйгаа илэрхийлжээ.
А.Бямбасүрэн