Баян-Өлгий аймгийн зарим сумын иргэд хөнгөлөлттэй эм авч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан. Харин Баян-Өлгий аймгийн Бугат, Буянт сумдад дээрх шийдвэр хэрэгжихгүй байгаад иргэд гомдолтой байна.
Энэ талаар аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулахад “2016 оны 05-р сард Нийгмийн даатгалын хэлтсээс орон нутгийн болон сумдын эмийн сангийн сонгон шалгаруулалт явуулсан. Манай аймагт явагдсан сонгон шалгаруулалтанд аймгийн төвийн 10, мөн Цагааннуур, Ногооннуур, Алтай, Толбо сумын эмийн сан шалгарч эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрх авсан. Харин дээрх сумдын эмийн сан эрх авч чадаагүй учир иргэд эмийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байгаа юм” хэмээлээ.
Тиймээс сонгон шалгаруултанд орж эрхээ авч чадаагүй сумдад дахин сонгон шалгаруулалт явуулж өгөх хүсэлтийг аймгийн эрүүл мэндийн газраас холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа ажээ.
Б.Энх-Уянга