Нутгийнхаа ууланд Очирваань хайрханы сахиусыг залж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Энэ оны долдугаар сард их номч Зава Дамдин гавжийн мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүний намтар түүх, эрдэм чадлын тухайд сонирхолтой олон яриа үлдсэн байдгийг сонирхуулъя.
Үүнийг зохиолч Х.Шонхор тухайн үед болсон явдлыг нүдээр үзсэн болон чихээр сонссон олон хүний ярианаас нийлүүлэн бичиж үлдээсэн байдаг. Тэрээр 1992 оноос эхлэн 17 жилийн турш Зава Дамдины амьдрал ахуйтай холбогдох материалыг 250 гаруй хүнтэй нүүр тулан уулзаж цуглуулан, бичиж тэмдэглэн авч үлдсэн бөгөөд өдгөө ч түүндээ үндэслэн 150 жилийн ойд зориулан зохиол бүтээл туурвин сууна. Түүний уулзсан хүмүүсийн дотор Зава Дамдины номын утгад нэвтэрсэн шавь болох Дэлгэрцогт сумын уугуул гэвш Ц.Санжмятав, уран Я.Гэмпэл, мэргэн Ц.Чой, гэлэн Д.Учрал, Д.Ренчиндорж, Гурвансайхан сумын иргэн гэвш Д.Гончигзав, гэлэн Д.Дамбийням, М.Тавхай, Ваанчиг, Адаацаг сумын иргэн зоч Дэндэв, лам Шагдаржав, Дэрэн сумын иргэн лам Ө.Шагдар, Даш, С.Дамдин нар байсан бөгөөд тэдний ярианаас тоймлон домог мэт яриаг ийнхүү тэмдэглэн авчээ.
Ганга нуурын ус шингээсэн самбайгаар арчиж угаал үйлджээ
Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Эрдэнэ ахай суманд үхэр Шагдар гэдэг эгэл гөрөөчин аж төрдөг байж. Үхэр хэмээн хочилсны учир гэвэл тэрээр өвлийн хэдэн сарыг үхэр унаж өнгөрүүлдэг байснаас үүджээ. Тэр үед ус нутгийнхан нь ойр орчмын ахмад хүмүүстээ цагаан сарын шинийн дөрөвний дотор багтаж золгодог уламжлалтай байж. Гэргий нярайлна гэж бүтэн хагас сар хонины бэлчээрээс холдохгүй байсан Шагдар ч энэ уламжлалаар зэргэлдээ нутагладаг нэгэн хөгшинтэй золгохоор явжээ.
Шагдарын гэргий Содномпэл нөхрийнхөө эзгүй, ээжийнхээ завгүй байгаа чөлөөнд араг үүрч Дарцагтын овоон дээр гарав. Тэндээсээ зүүн тийш эргэж жилийн жилд аргал элбэгтэй байдаг Эмээлт олон шандын өмнөх хоёр тойрмын баруун талын шагшуургатай тойромд очихоор шийдэв гэнэ.
Содномпэлийн ээж охиныхоо хүүхэд төрүүлэхээр өвдөхдөө гадагш явах гээд байдаг занг сайн мэдэх учир шилрээд явчихлаа гэж таамаглаад золгохоор ирсэн хүний унаа тэмээнд тугал оруулдаг бүхээгээ ачаад хойноос нь очиж, уг тойромд охиноо нярайлуулжээ.
Сундуйн жүд номыг өдөрт өвөртөлж, шөнөд дэрэн дороо хийж унтан,тарнийг нь тогтмол уншиж ирсний ачаар эгэл биш хүүтэй боллоо хэмээн магнай тэнийсэн сүсэгтэн Шагдар тэр үед Үйзэн хорин хийдийн хамба байсан өөрийн багш Лувсанбалдансанжаажавт бараалхаж хүүгийнхээ талыг асуухад “Буян номын мөр хөөх хувилгаан хүү төржээ. Долоогийн тоотой холбоотой юм байна” гээд буцааж.
Угаалгын өдөр болоход Содномпэлийн ээж түмпэнтэй усанд Егүзэр хутагтын хийдийн дүлцэнгийн шороо, орлой гурван зээрдийн чулуу хийж, Ганга нуурын ус шингээсэн самбай хадгаар хүүгээ арчин угаал үйлдсэн бөгөөд Лувсанбалдансанжаажав хамба хүүд Дамдин хэмээх нэрийг хайрлажээ.
Тэр жилийн зун Дамдин хүүгийн төрсөн овоохойн бууринд нэр үл мэдэх тод шар цэцэг ургасан нь Лувсанбалдансанжаажав хамбын айлдвар үнэнтэйг баталж, аав ээжид нь хүүгээ ариун байлгах үүрэг ногдсон бол нутгийн сүсэгтэн олонд амьд бурхан гэж бишрэн шүтэх сэтгэгдэл төрсөн юм билээ.
Дарцагтын овоо Эмээлт олон шандын хавьд урьд өмнө үзэгдэж байгаагүй тэрхүү шар цэцэг гурван жил дараалан ургасан гэдэг.
Тарваган тахал дарсан явдал таавар мэт үлджээ
Зава Дамдин нэг өдөр Мандир зочийг дуудаж “Их Дэлгэрийн уул дуугарсан. Өөрөө сонсоо биз. Золгүй явдал тохиолдох бололтой.Түүнийг зайлуулах хүн манай хийдэд ганцхан та л байна. Шавь минь орон хийд, санваартан олноо бодож, жарз хийхээ хойшлуулна байгаа” гэж айлдав.
Мандир зоч “Энэ олон аграмба, гавж байхад багш намайг онцолдог нь юу билээ. Ретодын гүйдлийг даруулах гээгүй бололтойсон” хэмээн бодоод жарзанд явахаа хойшлуулав. Өдөр хоног ээлжилсээр нэг сар өнгөрөөд байтал нэгэн өдөр хамба багш дуудуулав. Яаран очвол, “Манай хийдийн баруун хойно гурван саахалт хэртэй газар хоёр айл байдгийг та мэднэ биз. Тэнд тарваганы өвчин гарч хүмүүс нь нэрвэгдсэн бололтой. Харуул гаргаж, хорио цээр тогтоогоод байна. Та гурав хоногийн хоол унд бэлдэж, Лүйжингийн хэрэглэл, жодгороо аваад тийш очно байгаа. Салхи зүүн өмнө байхад амжиж нэрвэгдсэн хүмүүсийг гэртэй нь хайлвал зүгээрсэн. Өвчин нэмж хүнд халдахгүй байх. Харуултай харилцах дохиогоо тохирно биз” гэж айлджээ.
Мандир зоч салхи зүгээ өөрчлөхөөс өрсөж, хамба багшийнхаа айлдварыг ёсоор болгосон боловч тэндээ хоёр хонов. Учир нь орос улсаас ирэх тарваган тахлын отряд түүний биед шинжилгээ хийж халдвар авсан үгүйг тогтоосны дараа хийдэд эргэж очихыг шийдэхээр хүлээлгэсэн ажээ.
Гурав дахь хоногт тарваган тахлын отряд ирж Мандир зочид шинжилгээ хийхэд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй тахлын голомтод орсон атлаа эв эрүүл байгаад гайхаж, хоёр дахь удаагаа шинжилгээнд оруулав. Дахиад л эрүүл гарч түрүүчийн шинжилгээний хариу зөв байсан нь батлагджээ. Халдвар аваагүйн учрыг асуухад Мандир зоч “Хамба багш намайг тарваганы өвчин гарсан айл руу явахад өвчин нэмж хүнд халдахгүй гэсэн. Надад өвчин халдаагүйн учрыг багш мэднэ” гэжээ.
Энэ ярианаас үүдэн тус хийдийн лам нар, хамба багш нэг бол Мандирыг номын хүчээр хамгаалсан, эсвэл Мандирт өөрийгөө хамгаалах арга заасан хэмээх дүгнэлтийг хийсэн гэдэг.
Согтуу чонын ам нь зуурчээ
Зава Хамба нэг өдөр цорж лам Шаравынд морилон ирж, “Хийдийн гороог согтуу чоно алхах гээд байна. Би буцаахыг бодъё.Та Уманзүг, Ондогжин, Доо дүвд хуруул. Банди нарыг горооноос гадагш битгий гаргаарай” гэж айлджээ.
Дурьдсан хурлуудыг хурж дуусаад лам нарыг гадаалахад хийдийн мэдээч лам ирж, “Согтуу чоно аргал түүж явсан чавганцад алагдсан байна. Чоно чавганцын өвдгийг хошуугаараа нудрахад нь сандрахдаа хоншоор дундуур нь савраараа тоншиж орхиж. Чонын ам нь зуурчихсан бололтой” гэжээ.
Хамба багш би буцаахыг бодъё гэснийг бодоход чонын амыг зууруулсан бололтой гэсэн яриа ард олны дунд ам дамжсаар үлдсэн байна.
Зараа толгойд Очирваань хайрханы сахиусыг залжээ
Дэлгэрийн Чойрын хийдээс хориод, Дэлгэрцогт сумын төвөөс хорь гаруй километр зайтай газар Зараа толгой гэж бий. Зава Дамдин тэр толгой дээр өөрийн шавь Луусын хийдийн хамба Пагважавтай хамт гарч Отгонтэнгэр уулын сахиусыг залж ирэх санаа өвөрлөсөн боловч хэн хэнийх нь зав боломж тохирохгүй байсаар цаг нэлээд алгуурлаж.
Луусын хийдийн хувилгаан Пагважав гэгч гурван настай байхдаа гэртээ орж ирсэн бадарчныг танимхайран угтаж, “Та аян замдаа сайн явж ирэв үү” гэхэд бадарчин “Сайн явж ирлээ” гэж хариулаад аав Осор, ээж Ангил нарт хандан, “Манай Очирваань уулын хувилгааны дүр танайд төржээ. Хувилгаан намайг, би ч хувилгааныг таньж байна. Таван нас хүргээд төрсөн нутгийнх нь хийдэд хувилгаанаар өргөмжилнө биз” гээд буцсан гэдэг.
Пагважав төрөхдөө ч, жанч халахдаа ч Луусын уулын оройд шар гэрэл цацруулсан гэдэг.
Зава Дамдиныг хувилгаан шавьтайгаа хамтарч Очирваань уулын сахиусыг залахад тэнгэрээс таван өнгийн гэрэл аажмаар доошилсоор Зараа толгойд шингэх шиг болж. Зава Дамдин “Очирваань уулын сахиус заларсан энэ толгойг үүнээс хойш Чагдар толгой гэж нэрлэлээ. Санваартан сүсэгтэн та бүхэн энэ газар ирж хийморио сэргээж байгаарай” хэмээн айлджээ.
Тэр өдрөөс хойш Чагдар толгой дээр ойрын байтугай холын хүмүүс зорин ирж гардаг болсон аж. “Хамба багш өөрөө байн байн очдог. Зарим жил гэрээрээ нүүж очоод хэд хонодог байсан. Чагдар толгойн энгэрт хамба багшийн буудаллаж байсан гороо бий. Хамба багш тэнд очоод ирэхдээ бие сэтгэлийнх нь алжаал тайлагдаж, алдсан хүчээ нөхдөг байсан байх” хэмээн дагаж очдог байсан номч мэргэн шавь Ц.Санжмятав, Д.Гончигзав нар дурсан ярьдаг байв.
Хамгийн сайн энергитэй газрыг олж сонгодог байв
Дэлгэрийн Чойрын хийдийн горооны хойд зах агаад Майдарын гол овооны хоёр талд зүүнээс баруун тийш хошуурсан хадтай дэлийн завсарын чөлөөг Зава Дамдин ретод хэмээн нэрлэж, өөрийн бүтээлийн сүм болох ламрин дацан, номын байшин, гэрээ барин суурьшсан байна.
Хүрээнээс залагдаж ирсэн нэгэн эрдэмтэн лам “Та хийдийнхээ гороон дотор шавь нартайгаа суухгүй ретодыг юунд сонгосон юм бэ” гэж асуухад Зава Дамдин “Ретод бол билгийн нүд нээгддэг ариун дагшин газар. Танд мэдрэгдэж байгаа биз дээ” гэж хариулжээ.
Ламиран дацангийн Човомбо байж Зава Дамдинтай ретодод нэлээд хэдэн жил суусан гэвш Д.Гончигзав “Багшийн дэргэд намайг анх очиход үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар айдас төрүүлсэн гүйдэлтэй байсан. Сүүлдээ дасаад тэр үү, хамба багш номхруулсан уу, мэдэхгүй, гайгүй болсон” гэж ярив.
Зава Дамдины жанч халах хүртэл дэргэд нь олон жил байсан Ишжамц, Аюур нар “Ретод багшид ээлтэй газар байсан байх. Өвлийн хүйтэнд цулгай газар хавагнаад байхдаа ч ретодод хорогдоод бууц руу нүүхгүй байсан. Хийдийн мяндагтнуудын шахалтаар аргагүй эрхэнд нүүж, Шар хадны бууцанд суурьшсан юмдаг хэмээх яриа уламжлагдан үлджээ.
Зава Дамдин сайн энергитэй газрын шинжийг мэддэг байсны бас нэг илрэл нь дошийн чулууны тухай яриа юм. Чойрын хийдээс зүүн тийш гурван км орчим зайд орших Хөх дэлийн бууцны баруун урд тэр хавьдаа арай өндөрлөг хөх чулуутай газар бий. Зава Дамдин тэндээс элгэн хүрэн өнгөтэй, шоо хэлбэртэй жижиг чулуу авчирч үзүүлээд “Дошийн чулуу гэдэг юм. Олон сайн шинж бүрдсэн газар ургадаг. Сахиусанд хийж зүүхэд сэтгэл ариусч, санасан үйл сэтгэчлэн бүтнэ. Ургадаг дэлэнд нь сэв суулгаж болохгүй.Ийм эрдэмтэй чулууг эрхэмлэн дээдэлбэл зохино” хэмээн айлджээ.
Их нигүүлсэхүйн сургаалиа туурвих санааг ингэж олжээ
Зава Дамдин хааяа хийдийн агуулах, гал тогооны газраар орж хариуцсан хүмүүсийн ажилтай танилцдаг байжээ.
Нэгэн удаа цагаан идээ хүлээн авдаг агуулахыг үзэж явтал тэмээ ачаатай хүн ирж цагаан идээгээ тушаахтай таарч. Тэр хүн цагаан идээгээ тушаачихаад явахдаа тэмээгээ босохгүй болохоор нь толгой дундуур нь шавхарч нүдийг нь тэс цохичихжээ. Зава Дамдин түүнийг хараад наминчлан залбирч, амандаа ном уншсаар түргэхэн холдсон байна. Тэр өдрөөс эхлэн бие нь хэд хоног чилээрхэж байснаа гэнэт илааршиж, бийр янтай нийлүүлэн нойр хоолгүй суух болжээ. Дэргэдэх шавь нь “Багшийн бие илааршив уу. Та гэнэт юу бичээд эхлэв” хэмээхэд, “Тэмээний нүд гэмтэхийг хараад хэдэн өдөр сэтгэл өвдөв. Үүний эцэст энэрэх нигүүлсэх үйлс сэтгэлтний тухай зохиол бичих санаа төрлөө. Мартаагүй дээрээ тэмдэглэн бичиж байна” хэмээн хариулжээ.
Долоогийн тоотой холбогдож төрсөн нь
Үйзэн хорин хийдийн хамба Лувсанбалдансанжаажав Зава Дамдиныг төрөхөд “Долоогийн тоотой холбоотой юм байна” хэмээн айлдсан аж. Үнэхээр түүнийг илэрхийлэх үйл явдлууд Зава Дамдины амьдралд олон тохиолдож байжээ. Тухайлбал, тэрээр 1867 онд төрсөн бол 1937 онд 70 насандаа жанч халсан байдаг. Мөн 7 настайдаа Эрдэнэ ахай сумын Цахиуртын хийдэд шавилан суусан. 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлин дацанд шилжин суурьшсан. Чойрын хийдийн шавыг 1917 онд тавьж, хурлыг нь 1937 онд хаасан. Чойрын хийдэд анх Зава Дамдин, хоох Дамдин, жаал Шарав, нүнээ Шарав, боорцог Чойсүрэн болон банди Дэндэв, Ренчиндорж нарын долоон хүн ирсэн бол Чойрын хийдийг хаагдахад Равзай, Гэмпэл, Чулуун, Пүрэвдаш, Шаравдорж, Мишиг, Ренчиндорж нарын 7 хүн хийдийнхээ ном, бурхан тахилыг ууланд нууж далдалсан байдаг ажээ.
Т. Отгонтуяа