Азийн агаарын бохирдол АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-08 13:18:19

ВАШИНГТОН. /Futurism/. АНУ-д нүүрстөрөгчийн ялгаралт буурсан хэдий ч тус улсын баруун эрэгт утааны хэмжээ нэмэгдсээр байна. Үүний учрыг тайлбарласан судалгааны дүнг Atmospheric Chemistry and Physics сэтгүүлд нийтэлжээ.

АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний төв  болон Байгаль орчныг хамгаалах агентлагийн эрдэмтэн судлаачдаар ахлуулсан судалгааны багийн мэдэгдсэнээр, Азид хүмүүсийн явуулж буй үйл ажилллагааны улмаас үүссэн нүүрстөрөгчийн ялгаралт нь АНУ-ын баруун зүгийн нутагт хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан ажээ. Өөрөөр хэлбэл, Азийн агаарын бохирдол Номхон далайгаар дамжин явсаар АНУ-д хүрч, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна.

Судлаачид 1990-2014 он хүртэлх хугацаанд хот, хөдөө орон нутаг болон үндэсний паркуудын  озоны хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг судалжээ. Тэд Өмнөд Калифорниагаас Колорадо хүртэл, цаашлаад АНУ-ын зүүн бүс нутгийг хамруулан судалгаа хийсэн байна. Ингээд "АНУ-ын баруун нутагт озоны хэмжээ нэмэгдсэний 65 хувь нь Азийн агаарын бохирдолтой холбоотой" гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүн цэвэр агаар амьсгалахгүйгээр амьдарч чадахгүй. Амьдралын гол хүчин зүйл болсон цэвэр агаар нь бидний бодож байгаа шиг тийм ч элбэг зүйл биш юм. Азийн ихэнх орнуудад, тэр дундаа Хятад болон Энэтхэгт, агаарын бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бээжин тэргүүтэй зарим хотод агаарын бохирдлын улмаас хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байх тохиолдол ч гарч байлаа. Агаарын бохирдлын асуудал хүрээгээ тэлсээр байна. Судлаачдын таамаглаж байгаагаар, Зүүн Өмнөд Ази дахь нүүрстөрөгчийн ялгаралт 2030 он гэхэдодоогийнхоос гурав дахин нэмэгдэх хандлагатай байна.

Аз болоход, дэлхийн агаарын бохирдлыг бууруулахын тулд олон хүн хүчин чармайлт гаргасаар байна. Аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс болон Засгийн газрууд гээд ер нь хэн ч хорт хийн ялгаралттай тэмцэж болно. Тухайлбал, хувь хүмүүс бензинээр ажилладаг авто машинаас татгалзан цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг унадаг болсноор агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн  үг юм.

Агаарын бохирдол ямар нэг улс орны хилээр хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн иргэн бүрийн санаа тавих асуудал юм.

Б.Мишээл

 

相关新闻