Д.Даваасүрэн: Хуучин байраа “Центр-Регион Эстейт” компанид түрээслэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОХУ-ын Москва хотод байрлах манай улсын Засгийн газрын мэдлийн байранд казино ажиллуулж байсан гэх мэдээлэлтэй холбогдуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Казино ажиллуулж байсан гэх уг барилга нь 1965 оны 9 дүгээр сарын нэгэнд ашиглалтад орж түүнийг ЭСЯ-ны ажилтнуудын орон сууц, Худалдааны төлөөлөгчийн газрын зориулалтаар 40 гаруй жил ашигласан. Ийнхүү 40 гаруй жил ашигласнаас хойш их засвар хийгээгүйгээс барилгын чанар эрс муудаж аваарын байдалд орсон болохыг Москва хотын мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа анхааруулж байсан.
Тиймээс Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар байранд их засвар хийх, төлбөрт нь уг байрыг тодорхой хугацаагаар түрээслүүлэх тухай гэрээг ОХУ-ын “Центр-Регион Эстейт” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай манай Төрийн өмчийн хороо 2007 онд гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцлөөр 1300 кв.м талбай бүхий барилгыг 10 жилийн хугацаатай “Центр-Регион Эстейт” компанид түрээслүүлсэн бөгөөд уг байранд оршин сууж байсан ЭСЯ-ны дипломат ажилтнуудыг нүүлгэж их засварын ажлыг эхлүүлжээ. Гэрээний хугацаа энэ оны 9 дүгээр сарын 15-нд дуусахаар байсан байна. Энэхүү объектод байрласан дипломат ажилтнуудыг нүүлгэснээр ЭСЯ-ны хоёрдугаар байр Дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу дипломат статус эдлэхгүй боловч Монгол Улсын өмч хэвээр байгаа.
Үүнтэй холбоотой гомдлыг ОХУ-ын Гадаад хэргийн яам, Дипломат байгууллагын үйлчилгээг удирдах байгууллагаас албан ёсоор бидэнд нотоор мэдэгдэх ёстой. Одоогоор энэ асуудлаар ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байгаа бөгөөд хэрэв “Центр регион эстэйт” компани 2007 оны гэрээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол манай талаас гэрээг даруй цуцлах арга хэмжээ авч, шаардлагатай арга хэмжээг авах болно" гэсэн тайлбар өгөв.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын зүгээс өчигдөр ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Элчин сайд Б.Дэлгэрмаа нарт уг мэдээлэл хэр бодитой эсэхийг тодруулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Элчин сайд Б.Дэлгэрмаа тухайн обьектын байдалтай газар дээр очиж шалгахад цагдаа хууль, хяналтын байгууллагаас битүүмжилсэн зүйлгүй, хаалга үүд нь хаалттай байжээ. Мөн түрээслэгч “Центр-Регион Эстейт” компанийнхантай уулзахад, “Бид мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулаагүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хариу өгчээ. ОХУ-ын нийслэл Москва хотноо Монгол Улсын өмч болох 3 объект буюу барилга байгууламж бий. Эхнийх нь Монгол Улсын Элчин сайдын яамны зориулалтаар ашиглаж байгаа байр. Энэ байр нь дипломат статустай бөгөөд өнөөг хүртэл зөвхөн Элчин сайдын яамны албан конторын зориулалтаар ашиглаж байгаа. Энэ байранд аж ахуйн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Тодруулбал, Москва дахь Монголын Элчин сайдын яамны байр, Дипломат төлөөлөгчийн байр болон Худалдааны төлөөлөгчийн газар, 105 дугаар байр гэсэн объект байдаг аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал