Орос улс НҮБ-ын төсөвт 78 сая долларын татвараа төллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-07 11:35:19

НҮБ. /TASS/. ОХУ даваа гарагт НҮБ-ын төсөвт төлөх жил тутмын татвар болох 78 сая долларыг шилжүүлжээ. 

“2017 оны 3 дугаар сарын 6-нд НҮБ-аас ногдуулсан жил тутмын татвар болох 77 888 309 долларыг шилжүүлсэн” гэж НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

НҮБ-ын төсөвт төлөх татварын хэмжээг /2016-2017 оны санхүүгийн жилд 5,4 тэрбум доллар/ тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ болон гадаад өрийн сүүлийн 10 жилийн дундаж хэмжээнд үндэслэн тогтоодог.

Одоогийн байдлаар, НҮБ-ын хамгийн том ивээн тэтгэгч нь АНУ хэвээр байгаа бөгөөд тус улс НҮБ-ын төсвийн 22 хувийг даадаг ажээ. Харин Орос улс 2,5 орчим хувийг нь гаргадаг байна.

НҮБ-ын албан ёсны цахим хуудсанд тавьсан мэдээллээр, 2017 оны татварын мөнгөө одоогийн байдлаар 50 гаруй улс төлөөд байна. Хамгийн их мөнгө буюу 200 сая долларыг Хятад улс шилжүүлээд байгаа бол хамгийн бага хэмжээний мөнгийг Жибути, Маршаллын арлууд, Соломоны арлууд /тус бүр 25 мянган доллар/ шилжүүлжээ.

НҮБ-д төлөх татвараа хоёр жилийн хугацаанд төлөөгүй улс орнуудын Ерөнхий Ассамблейд санал өгөх эрхийг нь хасдаг байна. 2 дугаар сард Венесуэль, Ливи, Судан болон бусад гурван орон эрхээ хасуулж байжээ.

О.Барс

 

 

 

相关新闻