Малын үржил селекцид төрийн бодлого дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-07 11:22:55

Дундговь/МОНЦАМЭ/Малын үржил селекцийг шинжлэх ухааны үндэстэй, мэдлэг мэргэжлийн арга зүйтэй хийдэг байхад төр бодлогоо чиглүүлэх нь зүйтэй гэж сайн малчин санаа бодлоо хэлж байна. Нэгдлийн үеийнх шиг зоотехникч нар малчдад ойр ажилладаг байвал ялангуяа бэлчээр ус ховордож, малынхаа тоонд биш чанарт илүү анхаардаг болж байгаа ийм үед тун тустай гэдгийг тэрээр хэлсэн юм.

Говь- Угтаал сумын 3-р багийн малчин Д. Өлзийбүрэн, “Малын тоо олон байхыг нэг их зөв гэхгүй болчихоод байна. Би 1996 онд мянгат малчин болж байсан. Тэр үед малаа л өсгөх нь малчин бидэнд чухал байлаа шүү дээ. Одоо бол өөр. Байгаль цаг уурын өөрчлөлттэй аргагүй нүүр тулж байна. Бэлчээр, усныхаа нөөц бололцоонд тааруулж л мал аж ахуйгаа эрхлэхээс өөрцгүй. Мянга илүү малтай байхаас 500- 600 малтай, тэр нь ашиг шим өндөр, таваарлаг байх нь бидний аж амьдралд илүү тохиромжтой болж ирлээ.Харин малаа чанаржуулахад малын үржил селекцийн мэргэжлийн арга зүй малчдад дутагдаж байна” гэлээ. Малын төрөл зүйл, үүлдэр омгийг харгалзан зөв шилж зохистой тохируулан сонгож нийлүүлэхээс малын чанар ихээхэн хамаарна. Түүнээс биш дур зоргоороо эцэг мал авчраад тавиад байж болохгүй. Ноолуурын чанар хүртэл л одоо муудчихсан байгааг бид анзаарч байгаа шүү дээ. Тиймээс малын үржил селекцийн ажилд төрийн бодлого чиглэх учиртай хэмээн тэрээр санаа бодлоо илэрхийлсэн юм

Малчин Д. Өлзийбүрэнгийнх Говь- Угтаал сумын Энгэр шанд хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж урин хавартай золгоод байна. Тэрээр тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.1963 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд мал аж ахуй эрхэлдэг болсноос хойш 50 илүү жилийн хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа ийнхүү үнэлүүлсэндээ баяртай сууна.  “Малчин хүнд амралтын өдөр, ажлын цаг гэсэн ялгаа зааг байдаггүй. Уйгагүй, нөр их  хөдөлмөртэй улс байдаг. Монголын төр малчдынхаа хөдөлмөрийг ингэж хүндлэн дээдэлж байгаад талархаж байна” хэмээн малчин Д. Өлзийбүрэн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Төр засгаасаа юм нэхээд суух хүсэл малчин бидэнд байдаггүй. Харин мал сүргээ эрүүл, чанартай байлгахад, монгол малын удмын санг хамгаалж, үржил селекцийг шинжлэх ухааны үндэстэй  хийхэд төр бодлогоо чиглүүлэх нь одоо цаг үед тун ч хэрэгцээтэй байгааг тэрээр илэрхийлсэн юм.

Т. Отгонтуяа 

 

 

相关新闻