Торгоны замын хөрөнгө оруулалт 50 тэрбумаас давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Торгоны замын эдийн засгийн бүсийн янз бүрийн төслүүдэд оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум доллароос давжээ. Энэ тухай БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны дарга Хэ Лифэн мэдэгдлээ.
“Торгоны замын эдийн засгийн бүсийн хүрээнд дэд бүтэц, боомтууд барих, төмөр зам тавих төслүүдийг санал болгож байгаа ба эдгээр санаачилгууд зохих түвшинд хэрэгжиж байна” гэж тэрбээр ярьжээ. “Сүүлийн 3 жил гаруйн хугацаанд эдгээр төслүүдэд нийт 50 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг хийснээс 2016 оны хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ 14 тэрбум доллар болсон” гэж Хэ Лифэн тодруулан мэдээллээ.
Түүний хэлснээр, энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Хятадын тал 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулснаас гадна одоогийн байдлаар эдгээр төслүүдэд оролцоно гэдгээ 100 гаруй улс орон, олон улсын байгуулагууд мэдэгдээд байгаа аж.
Торгоны замын эдийн засгийн бүс бол Европ тив болон Төв, Өмнөд, Зүүн Азийн улс орнуудын хооронд тээвэр, эрчим хүч, худалдааны коридор байгуулахад чиглэсэн санаачилга юм. Уг төсөл нь Евроазийн худалдаа эдийн засгийн нэгдсэн орон зай, тив дамнасан тээврийн коридор бий болгох зорилготой.
Хятадын хувьд уг төслийг хэрэгжүүлэх болсон гол зорилго нь тус улсаас Европ руу ачаа тээвэрлэн хүргэх хугацааг богиносгоход оршиж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэх санаачилгыг анх 2013 оны 9 дүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин дэвшүүлэн тавьсан билээ.
О.Барс